Хуульч О.Баасанхүү: Ерөнхий сайдыг огцруулсан асуудал дээр ҮХЦ өөрийн санаачилгаар ч маргаан үүсгэх боломжтой

438

Засгийн газрыг огцруулсан УИХ-ын 95-аар тогтоол дээр Ерөнхийлөгч хориг тавьсан. Үүнийг олон талаар тайлбарлаж байна. Мөн ҮАБЗ-ийн НБД А.Бямбажаргал  гарч ирж тайлбар хийсэн нь зөрчил хэмээн зарим хуульчид тайлбарлаж байгаа юм. Уг асуудлаар хуульч О.Баасанхүүгээс тодрууллаа.

Ярилцлагын бүтэн үзэх линк

Хуульч О.Баасанхүү:

-Монгол Улсын Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн тухай хууль гэж байгаа. Уг хуулин дээр Ерөнхийлгөчийн бүрэн эрх гэж бий. УИХ-ын бүх тогтоол, хууль, шийдвэрт хориг тавьж болно гэж байгаа. Энэ бүрэн эрхээ хэрэгжүүлсэн гэж харж байна.

Харин ҮАБЗ-ийн НБД тайлбар хийж байгаа нь нэг өдрийн дотор ҮАБЗ-ийн гурван гишүүний хоёр нь “байхгүй болсон”. Байхгүй болно гэдэг нь нэг нь огцорч, нэг нь чөлөөлөгдсөн. Уг нь төрийг тогтвортой байлгах үүднээс УИХ-ын даргын хувьд чөлөөлөгдөх ёсгүй байсан юм. Шалтгаан нь Ерөнхийлөгчийг эзгүй үед орлох, бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд юм. Гэтэл улс төржөөд бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн учраас ҮАБЗ-ийн НБД гарч ирж байр сууриа илэрхийлсэн гэж би ойлгосон.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч гурван үүрэгтэй. ҮАБЗ-ийн тэргүүн, Ерөнхийлөгч, бүх цэргийн компандлаг. Энэ гурван эрхийнхээ хоёр дээр байр суурь илэрхийллээ гэж би ойлгож байна.

Ерөнхийлөгчийн хоригийг Засгийн газрыг огцруулсан 95-р тогтоол дээр тавьсан гэж байгаа боловч тогтоол дотор чуулганы ирцтэй холбоотой гэх агуулга байгаа учраас тухайн өдрийн хэлэлцсэн бүх асуудалд хориг тавьсан гэж мөн тайлбарлаж байна л даа?

-Ерөнхийлөгчийн хоригоо зөвхөн Засгийн газрыг огцруулсан УИХ-ын тогтоол дээр тавьсан. Мэдээж тогтоол дотор дурдах үндэслэлүүд нь хуулийн үндэслэлтэй байж болно, үндэслэлгүй ч байж болно. УИХ-ын чуулган өөрийн итгэл үнэмшлээрээ шийднэ.

Ерөнхий сайдыг огцруулах, УИХ-ын даргыг чөлөөлөх гээд хоёр өөр тогтоол гарсан. Харин Ерөнхийлөгч зөвхөн огцорсонд тооцсонд тогоол дээр хориг тавьсан гэж ойлгосон.

ҮХЦ УИХ-ын тогтоол албажихаас өмнө маргаан үүсгэлээ гэх шүүмжлэл мөн яваад байна. Энэ хуулийн зөрчилтэй юу?

-Иргэд мэдээлэл өгөх эсвэл ҮХЦ санаачилгаараа маргаан үүсгэх боломжтой. Миний ойлгосноор эхлээд Х.Булгантуяа гэдэг хүнийг дэг зөрчсөн гэдэг агуулгаар иргэд буюу С.Бямбацогт, Б.Жавхлан нар мэдээлэл өгсөн юм байна. ҮХЦ-д гомдол өгөхдөө иргэний хувиар мэдээлэл өгдөг хуультай. Энэ мэдээллийн дараа ҮХЦ өөрийн санаачилгаар, 2-рт мэдээлэл өгсөн иргэд шаардлагаа нэмэгдүүлсэн гэж ойлгож байна.

Мөн ҮХЦ зөвхөн иргэдий мэдээллээр биш өөрийн санаачилгаар маргаан үүсгэж болно. Иргэд шаардлагаа хэдийд  ч нэмэгдүүлж болно. ҮХЦ өөрсдийн санаачлигаар Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий прокурорыг огцруулах гэх мэт асуудал дээр маргаан үүсгэж болно.

Хэрэв Х.Булгантуяа нар УИХ-ын чуулганы дэг зөрчсөн гэж ҮХЦ тогтоовол эргүүлэн татах эсэх асуудал нь дараагийн шатны үйл явдал болно.

ҮХЦ шууд их суудлын хуралдаан зарлаж болохгүй гэх шүүмж мөн яваад байна. Эхлээд дунд суудлын хуралдаан зарлах ёстой юм уу?

-Иргэний мэдээллийг цэцийн нэг гишүүн хүлээж аваад маргаан үүсгэхгүй гэж үзвэл нөгөө иргэн дахин гомдол гаргаж болно. Тэгвэл цэцийн бага суудлын хуралдаан буюу 3 гишүүн хэлэлцээд, маргаан үүсгэх үү, үүсгэхгүй юу гэдгээ шийднэ. Маргаан үүсгэнэ гэж үзвэл дунд суудал буюу 5 шүүгчээр авч хэлэлцэнэ.

Харин огцруулах асуудлаар мэдээлэл орж ирвэл цэцийн их суудлын буюу 7-9 гишүүний хурлаар авч хэлэлцэхээс өөр гарц байхгүй. Үүнийг Үндсэн хуулийн 64-р зүйл дээр заагаад өгчихсөн.

Мөн ҮХЦ дайны нөхцөл байдал үүсэн үед гаргадаг яаралтай горимоор маргаан үүсгэлээ гэж шүүмжлээд байна?

-ҮХЦ хэзээ хуралдаан зарлах нь өөрийх нь бүрэн эрхийн асуудал. Гэхдээ энэ удаад хойшлуулшгүй чухал асуудал учраас цэц өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд л хуралдаанаа зарлаж байна. Яагаад гэвэл Ерөнхий сайдыг 10 хоногт багтааж томилох хугацаатай учраас яаралтай гэж үзээд, хамгийн богино хугацаанд шийдэх гэж байна гэж би ойлгож байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here