О.Амгаланбаатар: Х.Булгантуяаг эргүүлэн татах ёстой! Тэгж байж хууль ялгаварлалгүй үйлчилдгийг харуулах ёстой

340

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатараас Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн талаар тайлбар авлаа.

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар:

-Үндсэн хуулийн манаач болсон Үндсэн хуулийн цэц эцсийн шийдвэр гаргасан. Үүнийг шүүх эрх хэнд ч байхгүй. УИХ шууд хэрэгжүүлээд явах ёстой. Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн дагуу шийдвэрээ гаргалаа. Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргасан уу гэвэл гаргасан гэдгийг бүх хүнд нэг мөр ойлголт өглөө.

Би эхлээд гайхаж байлаа… 19:00 цагаас мэдээллээ танилцуулна гэснээ хойшлоод 21:00, дахиад  22:30 цаг болж хойшлоод байсан.  Гэтэл ҮХЦ-ийн гишүүний уншиж байгаа тэр зүйл нь хуулийн тэр бүх зүйл заалтыг дурдсан, маш олон хуудас дүгнэлт уншиж байна шүү дээ. Нэгхэн хуудас илтгэлийг боловсруулахад хэдэн цаг болдог билээ. Тэр үндсэн хуулийн зөрчилтэй холбоотой, тэр олон хуулийг иш татсан, олон талаас нь харсан зүйлийг боловсруулахад юун нэг өдөр байтугай болох байлгүй. Хэдхэн цагийн дотор тийм олон хуудас цаасыг боловсруулна гэхээр ҮХЦ гэдэг үнэхээр мэргэшсэн, үнэхээрийн монголын мундаг хуульчид байдаг нь тэндээс харагдсан тэд нараар бахархаж байсан гэдгийг хэлье.

ҮХЦ-ийн шийдвэр шууд хэрэгжээд явах ёстой. Тийм учраас энэ асуудлыг УИХ авч хэлэлцэнэ гэж юу байхав. Өмнө нь байр суурь өөр байсан ч одоо бол цэцийн шийдвэр гарсан юм чинь даган мөрдөх нь Үндсэн хуулийн зарчим.

Хоёр, гурав хоногын өмнөхийг ухраагаад харъя л даа. Бүтэн шөнөжингөө бүх УИХ-ын гишүүдийг нэрээр нь дуудаад, бараг л харанхуй шөнөөр ирж УИХ-ын чуулгандаа саналаа өгөхгүй бол, ирц бүрдүүлэхгүй бол дайсан шахуу юм болж байлаа шүү дээ. Бид арай хэтэрч байна, ажлын цаг дууссан байна, харанхуй шөнөөр хуралдана гэж юу байхав гэдэг байдалтай байхад янз бүрийн сурвалжлагч нар ч элдэж хөөгөөд, авсан яриагаа эвлүүлж цацаад л олон зүйл тэр шөнөжингөө болсон. Энэ бүх үйл явц нь Үндсэн хуулийн зөрчил байсан юм гэдгийг тогтоосон нь үнэхээр сайн байна.

Би та бүхэнд үндсэн хуулийн нэг заалт уншиж танилцуулья:

Үндсэн хуулийн 29-р зүйлд “УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална. УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах үндэслэл болно” гэж заасан.

Тиймээс Х.Булгантуяа бол эргүүлэн татагдах ёстой. Хэрвээ Х.Булгантуяаг эргүүлэн татахгүй бол Монгол Улсад хууль хэрэгжихгүй. Ард иргэд хуулиа хэрэгжүүлэхгүй зүйл рүү орно гэсэн үг.

Гэтэл цагаан дээр хараар тодорхой бичсэн зүйлийг нүдэн дээр зөрчиж чадаж байгаа хүмүүс үүнээс хойш ямар ч хуулийг уландаа гишгэнэ гэсэн үг.

Үнэхээр Монголын төрд байж боломгүй зүйлүүдийг хийсэн.  Үүнийгээ хичнээн зөвтгөсөн ч ҮХЦ хууль зөрчсөн гэдгийг нь эцсийн байдлаар тогтоосон.

УИХ-ын гишүүд Үндсэн хуулин дээр гараа тавьж байгаад “би тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэж тангаралсан. Х.Булгантуяа энэ тангаргаа зөрчсөн гэдийг ҮХЦ тогтоогоод өгсөн. Одоо хариуцлагаа хүлээж эргүүлэн татагдах ёстой!
Заан том ч зам дагана. Хүн том ч хууль дагана гэж үг бий. Тийм учраас энэ хүнийг ямарч хоёр дахь агуулгагүй эргүүлэн татах ёстой.
Мөн гадаад, дотоодод хичнээн их сургууль төгсөж, хэл сурсан ч гэсэн хүн болох боловсролоо эзэмшээгүй олон хүн байгааг сүүлийн өдрүүд харууллаа. Хүн болох боловсрол эзэмшээгүй хүмүүс ямар увайгүй үйлдэл гаргаж болдгийг саяын үйл явдал харууллаа.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here