УИХ-ын гишүүн Б.Түвшин:
-Өнөөдрийн нийгэмд залуу улс төрч, нэр цэвэр бизнесменүүдийг нийгмийн хамгийн муухай хар үзэгдлүүдтэй холбож, нэр төрийг нь гутаахаар, дарамталж, шантаажлан, мөнгө нэхдэг бүлэглэлүүд үүссэн байх магадлалтай байна. Нэхсэн мөнгийг нь өгөхгүй бол нэр төрийг нь гутаах, хамгийн болж бүтэхгүй зүйлтэй холбож, мэдээлэл бэлтгэн цацна хэмээн шантаажилдаг бүлэглэлүүд байж болзошгүй байна.
Тухайлбал, өнгөрсөн даваа гарагт буюу 10-р сарын 27-ны өдөр нэгэн танил маань уулзаж нүүрсний хулгай болон, 1Хбет мөрийтэй тоглоомтой холбоотой нэвтрүүлэг бэлтгэн цацаж, нэр төрд чинь халдана хэмээн заналхийлж, 300 мянган доллар нэхсэн асуудал гарлаа.
Энэ асуудал нь ганцхан надад тулгарч байгаа асуудал биш, залуу улс төрч, бизнесменүүдэд тулгардаг нэлээн нийтлэг болсон зүйл байж болзошгүй учраас сэрэмжлүүлэх зорилгоор энэхүү моблогийг хийж байна.
Улс төрч хүний хувьд эрхэмлэж явах зүйл нь нэр төр хэдий ч хууль бус зүйл хийгээгүй, худлаа ярьж хулгай хийгээгүй бол ийм зэргийн шантааж, дарамтыг хүлээн зөвшөөрч тэвчиж явах нь байж болзошгүй зүйл юм. Энэ бол гэмт хэргийг өөгшүүлж байгаа үйл явдал гэж үзэж байна.
Дуугүй байна, даруухан байна гэдэг нь дарлуулна, дарамтуулна, шантаажлуулна гэсэн үг биш ээ. Цаашид энэ явдал дахин давтагдах юм бол зурагтай нэр усыг нь зарлаж тодорхой хуулийн байгуулагад хандана гэдгээ албан ёсоор илэрхийлж байна.
















