АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Азийн айлчлалынхаа хүрээнд Япон, Солонгос улсуудад зочилсон бол өчигдөр Бусанд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзжээ.
Япон Улс АНУ руу бараг 950 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр тохиролцлоо. Хариуд нь Трамп Японы бүх бараа бүтээгдэхүүнд тогтоосон 27.5 хувийн татварыг 15 хувь хүртэл бууруулахаар тогтсон байдаг.

Харин БНСУ-д айлчдахдаа Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мёнтой хамт санал зөрөлдөөнтэй худалдааны хэлэлцээрийнхээ нарийн ширийнийг эцэслэн тохиролцсон.
Ингэхдээ Сөүл АНУ-ын импортод тавих өндөр тарифийн хамгийн хүнд дарамтаас зайлсхийхийн тулд АНУ-д нийт 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр амлаж, үүний хариуд тарифын хэмжээг бууруулах боломжтой болсон юм.

Харин пүрэв гарагт Хятадын удирдагч Ши Жиньпинтэй хийсэн уулзалт нь дээрх уулзатуудаас тэс өөр байлаа гэдгийг дэлхийн хэвлэлүүд онцолж байна.
Энэ бол дэлхийн тавцанд хоёр их гүрний тэнцвэртэй уулзалт байлаа. Хятадтай хийсэн уулзалтыг Трамп “гайхалтай” уулзалт боллоо гэж магтсан ч худалдааны хэлэлцээр байгуулагдсангүй.
















