БХЯ, ЗХЖШ-ын дэмжлэгтэйгээр Хуурай замын цэргийн командлал алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд албан тушаалын 30 айлын орон сууцыг Төв аймгийн Зуунмод хотноо бариулж, хүлээлгэн өглөө.
Шинэхэн байрны үлхүүрээ гардаж авсан эхний айл бол Хуурай замын цэргийн командлалын Санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Д.Дагвацэрэнгийнх. Тэрээр эхнэр дөрвөн хүүхдийн амьдардаг. Эхнэр нь Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид алба хаагч.
Хошууч Д.Дагвацэрэн “БХЯ, ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлалын удирдлагад олон айлын нийгмийн асуудлыг шийдвэрлэж өгсөнд гэр бүлийнхээ нэрийн өмнөөс баярлалаа гэж хэлье. Эхнэр бид хоёр үр хүүхдүүддээ санаа зовохгүйгээр үүргээ гүйцэтгэх болсондоо баяртай байна” гэсэн юм.
Дараагийн айл нь Хуурай замын цэргийн командлалын Захиргааны удирдлагын хэлтсийн хэрэг хөтлөгч, дэд ахлагч Б.Нандин-Эрдэнийх.
Түүний нөхөр Э.Дүүрэнжаргал өдгөө БНСУ-д ажиллаж байгаа бөгөөд тэд сургуулийн насны гурван хүүхэдтэйгээ аав, ээжийндээ амьдардаг байжээ.
Хуурай замын цэргийн командлалын Артиллерийн дарга, дэд хурандаа С.Ууганбаярынх мөн орон сууцтай боллоо. Тэдний ам бүл долуулаа, хүүхдүүдийнх нь олонх нь цэрэг, цагдаагийн байгууллагад ажилладаг байна. Гэр бүлийн хүн нь ч ялгаагүй мөрдэстэй цэргийн бүсгүй ажээ.
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар:
–2016 онд УИХ-аар батлан хамгаалахын багц хуулиуд шинэчлэгдэн батлагдаж, Зэвсэгт хүчний Хуурай замын цэрэг нь бие даасан төрөл цэрэг болсон. Энэ цагаас хойш Хуурай замын цэргийн бие даасан үйл ажиллагааг хангах зорилгоор БХЯ, ЗХЖШ-аас шат дараатай арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлж, үр дүнд ч хүрлээ. 2017 оны 4 дүгээр сард манай командлал Байлдааны тугаа хүлээн авч байсан бол 2019 оны 9 дүгээр сард өөрийн гэсэн байртай болж, энэ өдөр офицер, ахлагч нарын албан тушаалын 30 айлын орон сууцыг ашиглалтад хүлээн авч байна. Цаашдаа алба хаагчдын нийгмийн хамгааллыг шийдвэрлэх ажил үргэлжилнэ.
Гурван жилийн хугацаанд 100 гаруй алба хаагчдын орон сууцыг шинээр барьж, албан тушаалын 600 орчим айлын орон сууцыг үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр хувьчилжээ.
Ахлах дэслэгч Д.БОЛОРМАА