Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өрх толгойлсон, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд тусламж, дэмжлэг үзүүлэх зорилготой “Нэг зүрх-Нэг нийслэл” аяныг бүх шатны төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд өрнүүлж байна.
Аяны хүрээнд зорилтот бүлэгт хамаарах эмч, ажиллагсдын эрүүл мэнд болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хандивын аян өрнүүлэх, хэрэгцээт эм бэлдмэл, хоол хүнсний зүйлээр байгууллага, хамт олны зүгээс тусалж дэмжих арга хэмжээг зохион байгуулахын зэрэгцээ үйлчлэх хүрээний зорилтот бүлгийн эмэгтэйчүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах, зөвлөгөө мэдээллээр хангах, шаардлагатай тохиолдолд хэвтүүлэн эмчлэхээс гадна эмчилгээ, эд материалын хандив, тусламжийн аяныг өрнүүлэх зэргээр тодорхой ажлуудыг хийж байна.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгийнхэн өрх толгойлсон, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, нийгмийн халамж шаардлагатай эмч, ажиллагсдаа урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулж, сэргээн засах болон уламжлалт эмчилгээ хийлгэх эрхийн бичиг олгож, нэг сарын хүнсний хэрэглээг нь хандивлажээ.
Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн хувьд гадаадад эмчлүүлэх шаардлагатай гурав болон найман сартай хоёр хүүхдэд мөнгөн тусламж үзүүлснээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хоёр үйлчлүүлэгчийг сувилалд хэвтүүлэн эмчлүүлэхээр болсон байна.
Мөн Энэрэл эмнэлгээс зорилтот бүлгийн 35 үйлчлүүлэгчийг эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг оношилгоонд хамруулан, эмзэг бүлгийн зургаан иргэнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилсэн ба зорилтот бүлгийн 14 эмэгтэйд гарын бэлэг, шаардлагатай хувцас хэрэглэл гардуулж өгчээ.
Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар