2019 оны нэгдүгээр ээлжээр татагдсан хугацаат цэргийн алба хаагчид тун удахгүй халагдана. Яг энэ цаг үед халагдах цэргүүд эх орондоо зориулсан цаг хугацаагаа эргэн дурсаж, хөгтэй хөгжилтэй явдлаа ам уралдан ярин инээцгээж, ангийнхаа захирагчаас эхлээд тогооч, сувилагч эгч нартаа баярласнаа илэрхийлж, жагсаалын дуугаа урамтайхан дуулцгааж байгаа нь лавтай. Цэргийн хуарандаа, нөхөрлөлдөө дэндүү их хоргодон байгаа ч эр цэргийн албанаас бие хүний төлөвшил, бие бялдрын хөгжил, тэсвэр тэвчээр, сахилга бат, зохион байгуулалт, захирах, захирагдах ёс, бусдыг хүндлэн дээдлэх зарчим, анд нөхөрлөлийг олж авсандаа талархаж суугаа нь ойлгомжтой. Бид эх орондоо зориулсан нэг жилийнх талаар “Ховдын хороо” гэдгээрээ алдаршсан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын сэтгэгдлээс нь хуваалцсан юм.
ЦЭРГИЙН АЛБА ХААСНААРАА ҮРГЭЛЖ БАХАРХАХ БОЛНО
Дэд түрүүч Ч.Чингүүн:
-2019 оны хавар зарлан дуудах хуудас ирэв. Ингээд удаан хүлээсэн мөрөөдлөө биелүүлэхээр цэрэг татлагын комиссоор орсон юм. Эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн намайг хаашаа явах талаар санал асуухад эргэлзэх зүйлгүй Зэвсэгт хүчний 123 дугаар анги гэж хариулсан. Монгол Улсын оршин тогтнох үндэс нь тусгаар тогтнол учраас Үндсэн хуулиар заасан журамт үүргээ биелүүлье гэж шийдсэн нь энэ юм. Иймээс өвөг дээдсийнхээ халуун амь, бүлээн цусаараа хамгаалсан эх нутгийнхаа баруун хязгаарт ирж, Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит, Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 123 дугаар ангидаа нэг жилийн албаа хаагаад дуусч байна. Анх ирэхэд бүх л зүйлс шинэ сонин, содон санагдаж хөл гараа олохгүй өрөөлдөж, илтгэл өгч чадахгүй түгдрэн зогсож билээ. Харин өнөөдөр эргээд бодоход их амархан санагдаж байна. Амархан гэсний учир цэргийн дарга нарынхаа заасан цэргийн эрдмийг аль болох оюундаа шингээн авч үлдэхийн төлөө их хичээсэнд байгаа юм. Удахгүй халагдана. Дасал болсон анги хамт олноо орхиод явна гэхээр сэтгэлд бууж өгөхгүй л байна. Энэ сайхан албанд дэндүү дасаж. Цэргийн албыг өөрийн биеэр хааж байж эх орны үнэ цэн, цэргийн алба хаагчдын ажил, үүргийг маш сайн ойлгодог юм байна. Одоо бодоход хугацаат цэргийн алба хаасан болон хаагаагүй залуус андашгүй байдаг юм шиг ээ. Хугацаат цэргийн алба хаасан залуучуудыг сагсуурч, эх оронч гэж өөрийгөө дөвийлгөж байгааг хараагүй. Төлөв томоотой, хүлээцтэй, сахилга, зохион байгуулалттай иргэн болон төлөвшсөн байдаг шүү. Цэргийн алба миний амьдралын хамгийн сайхан дурсамжуудын нэг болон үлдлээ. Насан туршийн бахархал, омогшил минь байна гэдэгт эргэлзэхгүй байна.
ОНЖАВУУДТАЙГАА ХАМТ НОГООН ТӨГӨЛ БАЙГУУЛСАН
Түрүүч М.Балжинням:
-Намайг Мөнхбатын Балжинням гэдэг. Завхан аймгийн Сантмаргад суманд төрсөн, Үндэсний батлан хамгаалахын их сургуульд аюулгүй байдлын мэргэжлээр суралцаж байхдаа 2019 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд ирсэн. [Tweet “Цэргийн алба миний бодож байснаас ч илүү сайхан юм байна. Эр хүн бүрийн хаах ёстой алба юм байна гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ.”] Ямар нэгэн сиймхий гарган зугтаадаг залуус байвал та нар зүгээр л хүрээд ир. Ямар сайхан гээч. Олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцээд алба хаахад таны үзэл санаа төлөвшиж, бие бялдар хөгжих болно. Хамгийн гол нь эх орноо бид л хамгаалах ёстой гэсэн үүргээ ойлгоно доо. Цэрэгт ирээд миний бие бялдар хөгжиж, үг дааж, захирах захирагдах ёсыг ойлгож авсан. Магадгүй цэрэгт ирэлгүй, гэртээ утас шагайж суусан бол өдийд ийм сайхан боломжийг мэдрэхгүй өнгөрөх байсан биз. Цаашдаа албаа хааж дуусгаад, цэргийн гэрээт албанд үргэлжлүүлэн элсэх хүсэл мөрөөдөлтэй байгаа. Цэргийн гэрээт алба нь офицер, ахлагч нараас ялгаагүй олон давуу талтай юм билээ. Энэ талаараа ангийнхаа захирагчид хэлэхэд дуртайяа хүлээн авсан. Манай онжавууд ярилцаад гэр шиг минь дулаахан, аав, ээж шиг минь өөриймсөг ангийнхаа хамт олонд халагдахаасаа өмнө бяцхан бэлэг барихаар шийдсэн юм. Өөрсдийгөө сануулсан нэг л юм үлдээмээр санагдаад. Тэгээд ангийн ногоон байгууламжаа нэмэгдүүлэх, хугацаат цэргийн алба хаагчдын амралт, чөлөөт цагийг өнгөрүүлэх орчин бүрдүүлэх зорилгоор “Ногоол төгөл” барихаар шийдсэн. Энэ тухайгаа удирдах дарга нартаа хэлэхэд “Сайн үйлсийг нь дэмжилгүй яах вэ” гээд бидэнд дэмжлэг үзүүлж, сайхан орчин бүрдүүлэхэд минь тусалсан шүү.
ЖАГСААЛЫН ДУУГАА ДУУЛАХГҮЙ ГЭХЭЭР Л…
Байлдагч Б.Эрдэнэбат:
-Төрийн албанд орж ажиллана гэхээр хугацаат цэргийн алба хаасан байхыг шаарддаг шүү дээ. Тэр л утгаараа хугацаат цэргийн албанд нэг жилийн өмнө ирж байлаа. Харин өнөөдөр энэ үзэл бодол 100 хувь өөрчлөгдсөн. Төрийн албанд дамжин оруулах шатлал гэхээс илүү хүний амьдралын сургууль байдгийг нь өөрийн биеэр мэдэрлээ. Монголын сайхан эх орноо, ард түмнээ айх аюулгүй, амар жимэр амьдруулах энэхүү эрхэм агаад хариуцлагатай үүргийг мянга мянган жил монгол цэрэг нуруундаа үүрч, өнөөгийн бидэнд буухиалан хүргэсэн. Энэ дайчин уламжлалыг түүчээлэн хугацаат цэргийн албаа нэр төртэй хаасандаа баяртай байна. [Tweet “Цэргийн алба хүнийг насан туршийн найз нөхөдтэй болгодог юм билээ.”]Бас бие хүний хувьд ихээхэн төлөвшүүлдэг юм байна. Хэрэв би цэрэгт ирээгүй байсан бол нэг хүн том дугарахад магадгүй өмнөөс нь сөрөөд босоод ирэх хүлээцгүй зантай нэгэн хэвээрээ байхыг үгүйсгэхгүй. Мэдээж өөрийгөө хэзээ ч битгий гол, үргэлж хөдөлмөрлөж бай гэдэг алтан зарчмыг ойлгож авлаа. Халагдсаныхаа дараа сургуульдаа үргэлжлүүлэн суралцаад эх орондоо хэрэгтэй шилдэг мэргэжилтэн болохыг зорьж байна. Эргээд нөхөдтэйгээ жагсаалын дуугаа дуулаад алхахгүй гэхээр жаахан гунигтай санагдаж байна. Гэхдээ нэгэнт хугацаатай алба учраас үүргээ нэр төртэй гүйцэтгээд халагдах гэж байгаадаа баяртай байна. Энэ завшаанд Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн удирдлага, бие бүрэлдэхүүнд маш их баярласнаа илэрхийлье. Та бүхнийхээ ажил үйлсэд өндөр амжилт хүсье.