“Ачит ихт” компанийн хувьцаа эзэмшигч, ЕТГ-ын дарга асан П.Цагаан “Эрдэнэт үйлвэр”-ийн хаягдал овоолго дээр “Ачит ихт” компанийг байгуулан ажиллаж байгаа ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар тус компанийг төрд эргүүлэн авах асуудлыг хөндөж, төслийн санаачлагч П.Цагаан нарыг хууль хяналтын байгууллагаар шалгаж байсан юм. Уг асуудлаар бид тодрууллаа.
“Ачит ихт” компанийн хувьцаа эзэмшигч П.Цагаан:
-Би чинь “Ачит ихт” компанид шууд оролцоотой биш. Идэвхгүй хувьцаа эзэмшигч. Төрд авах талаар ажлын хэсэг гараад зөндөө удсан. Ер нь бэлэн байгаа. Ялгаварлахгүй, адил, тэгш шийд гэдэг ийм л зарчим барих ёстой.
“Орана” компанийн нийгмийн өгөөжийг тооцсон компани манай компанийн төлсөн татвар, өнгөрсөн хугацааны хандив, тусламжийг тооцож үзээд нийгмийн өгөөж нь 50-аас дээш хувь гэж үнэлсэн.
Мэдээж овоолго, орд хоёр ондоо. Гэхдээ манай төр засгийн хүмүүс бизнес эрхэлж байгаа хүмүүсээ хулгайч гэж цоллохоо болих хэрэгтэй. Бизнес эрхэлсэн хүмүүс гэмт хэрэгтэн биш шүү дээ. Тэр хүмүүсээ л арчилж, тойглож татвараа авах ёстой шүү дээ. Одоо гор нь гарч байна шүү дээ. Төсвийн орлого тасалдаж байна.
Дээр үед “ялтай мал” гэж үг байсан юм. Яагаад “ялтай мал” гэдэг вэ гэхээр чиний хониноос тэдэн кг ноос, ямаатай бол тэдэн кг ноолуур, тэмээтэй бол мөн л тэдэн кг ноос өг гэх мэтээр тогтоочихдог. Тэр нь биелэхгүй бол шоронд хийдэг байсан. Тиймээс хүмүүс “ялтай мал” гээд малаасаа салаад хот руу орж ирсэн.
Ямар улс хөгждөг вэ гэхээр бизнес эрхэлдэг, татвар төлөгчдөө дээдэлдэг улс л хөгждөг.
Танайх өнгөрсөн хугацаанд хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бэ. ОДоо төрд шууд авна гээд байна шүү дээ?
-1990 оноос өмнө говьд малын тоо 75-аас дээш гарвал төрд авчихдаг, хангайд 50-аас дээш гарахаар хураагаад авчихдаг байсан. Улс орон хөгжье гэвэл хүн ард, бизнес эрхлэгчид нь айх аюулгүй байх ёстой. Тэгээд татвараа ав. Тэгээд л хөгжинө шүү дээ.
Би Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимэд гуайн туслахаар ажиллаж байхад “хүмүүс дарга болохоороо ухаантай болчихдог гэж боддог. Гэтэл хариуцлага нэмэгдэж, эрх мэдэлтэй болдог” гэж хэлж байсан. Гэтэл манай дарга болсон хүмүүс бүхнийг мэддэг болчихоод байна. Эмнэлэг, уул уурхай гээд бүгдийг мэддэг болж.
Манайд үүсч байгаа хамгийн том бэрхшээл бол засаглалын чадавхи муу, татварын дарамт, төрийн оролцоо, дэд бүтэц, үр ашиггүй хууль эрхзүйн систем байна.
Таныг хууль хяналтын байгууллага шалгаж байсан. Одоо нөхцөл байдал ямар байна?
-Миний үндсэн мэргэжил хуульч. Монголд 4 жил, Москвад 5 жил, Америкт 1 жил тасралтгүй 10 жил Хүний эрх, Үндсэн хуулиар сурсан. Үндсэн хуулийн эхийг бичилцсэн.
Амьдралдаа хуурамч нотлох баримт зохиогоод, зохиомол хэрэг үүсгэдийг өөр дээрээ үзээд бүр үнэхээр гайхсан. Хүний газар өвчтэй, халуунд байж байхад УИХ-ын индер дээрээс миний тухай зарласан…
Гэхдээ энэ бүхэн худлаа учраас цаг хугацааны эрхэнд үнэнд гүйцэгдэнэ шүү дээ.
Миний хамгийн их санаа зовсон зүйл бол над шиг хуульч, хуулийг дагаж амьдардаг хүн дээр хуурамч хэрэг үүсгэж байгаа юм чинь манай бизнес эрхэлдэг хүмүүс дээр ямар их дарамт ирдэг бол гэхээс би маш их айсан. Энийг л өөрчлөхгүй бол монголын хөгжилд гай болж байна. Энэ бүхнийг яриад байвал тусдаа кино болохоор сэдэв.
Одоо хууль хяналтынхны шалгалт нь дууссан гэсэн үг үү?
-Мэдэхгүй. Дуусаж байгаа юм байлгүй. 20 гаруй хүнийг хилээр гаргахыг хорьсон байсан. Сая бол зүгээр гарч болж байна. Үнэн гэж байдаг бол үнэнээрээ л гараад ирнэ шүү дээ.
Ийм асуудлаас үүдээд үйл ажиллагаа нь хэр доголдсон бэ?
-“Ачит ихт”-ийн үйл ажиллагааг 100 хоног зогсоосон. Манай төсөл уг нь үлгэр жишээ төсөл шүү дээ. Очсон хүмүүс бүр гайхдаг юм. Харамсалтай нь улс төрийн шалтгаанаар л ийм зүйл болоод байна.
Уул уурхай дагаад хоёр зүйл заавал хаягддаг. Нуур цөөрөм, овоолго үлддэг, бүх уурхай дээр. Харин тэр овоолго болон нуур цөөрөм дотор ямар нэг хэмжээгээр эрдэс баялаг үлддэг. Үүнийг нь шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашиглаад эргэлтэнд оруулдахыг дэлхийн бүх улс дэмждэг. Энэ салбарт хийгдсэн үлгэр жишээ төсөл шүү дээ. Жишээ нь, Багануурын нүүрсний овоолго байна. Энд нүүрснээс гадна өчнөөн олон эрдэс, баялаг байгаа. Хамгийн наад зах нь уран байгаа. Гэтэл үүнийг ашиглаж чадахгүй нөхцөлд хүргэж байна шүү дээ.
Танайх ийм хаягдлыг ашиглаж болдог жишиг үзүүллээ. Гэтэл төр шуналтаад байна шүү дээ?
-Төр гэхээсээ илүү хувь улстөрчид л дөө. Микро тархитай, макро шуналтай эрх мэдэлтэй хүмүүс яаж л бол, яаж л гуйвуулж болдгийг өөр дээрээ мэдэрлээ. Бизнес хийгээд л ялтан болоод байвал “ялтай бизнес” болно биз дээ?
Үүнийг улс орон өөрчлөх ёстой. Улс орон хөгжье гэж байвал татвар төлөгчдөө л дэмж.
















