Хар тугалгын хөнөөл..

16
ХАР ТУГАЛГЫН ХӨНӨӨЛ…
Хотод амьдардаг хүн бүр ойг доройтуулахад гар бие оролцдог гэвэл санаанд тань бууж байна уу. Гэр хороолол, цахилгаан станцаас гарсан нүүрсний утаа салхиар туугдан Богдхан уулын шилмүүст ойд шингэдэг. Энэ нь дэлхийд анх дархлагдсан Богдхан уулын ой мод зүй бусаар хорогдох шалтгаан болжээ.
Судлаачид агаарын бохирдол ойд хэрхэн нөлөөлдөг болохыг шинжлэхээр Богдхан уулын Жаргалант, Нүхтийн амны ойд түүвэр судалгаа хийсэн байна. Ингэхэд Жаргалантын амны ой дунджаар 58, Нүхтийнх 46%-иар доройтсон. Түүврийн аргаар сонгож авсан 20 мод орой хэсгээрээ шилмүүсгүй болж, зарим нь бүр тэр чигтээ нүцгэрсэн. Товчхондоо, доройтлын түвшин 20-80% хэлбэлзэж байв.
Ингэхэд агаарын бохирдол ойг доройтуулахад чухам яаж нөлөөлдөг вэ? Энэ талаар уг судалгааг хийсэн эрдэмтдийн тайлбарыг сонирхоё. МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн сургуулийн багш, доктор Ц.Батчулуун “Агаарын бохирдол нь хүчиллэг тунадас хэлбэрээр модны титэм дээр буудаг. Улмаар шилмүүсийн өсөлт, хэлбэр болон мөчир, ишинд гэмтэл учруулдаг нь тодорхой болж байна” гэжээ.
Зүйрлэвэл агаарт дэгдэмхий цацраг идэвхит бодисын бохирдолтой газруудад борооны ус хүчиллэг болдог. Хүчлийн бороо гэж нэрлэдэг ийм хур тунадаст өртсөн хүмүүсийн үс оройгоосоо эхэлж халцардаг. Харин хар тугалга шилмүүст модыг яг ийм байдлаар хордуулдаг байна. Өөрөөр хэлбэл, мод оройгоосоо эхлэн халцарч, мөчир нүцгэрч байгаа нь хар тугалгын хөнөөл юм. Хар тугалга хүний биед орсон бол ясанд хуримтлагдаж, олон арван жилийн турш цусанд нэвчсээр байдаг шиг ойг ч он удаан жил доройтуулдаг. Зүй бусаар доройтсон модны хөндлөн өсөлт удааширч, таваарлаг чанар муудаж, биологийн бусад хүчин зүйлд сөрөг хор уршиг үзүүлэх аюултай.
Хар тугалга ойг доройтуулдаг гэдгийг батлах бас нэгэн судалгаа бий. Төв аймгийн Батсүмбэр сумын Өртөө мухрын амны ойн мод ч бас хар тугалгад шилмүүсээ “гөвүүлжээ”. Ойн дээхнэ талд орших байнгын хөдөлгөөнтэй байдаг төмөр зам доройтлын шалтгаан болж байгаа гэх таамаглалыг судлаачид дэвшүүлсэн байна. Галт тэрэгний дизель түлшнээс их хэмжээний хар тугалга, хүнд металл ялгардаг. Манай улсад агаарын бохирдол ойн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаарх судалгаа харьцангуй ховор. Гэхдээ л энд дурдсан гурван газрын ойн хөрс болон бусад хэсгээс авсан дээжинд хар тугалга илэрчээ. Тиймээс ойн доройтлын нэг шалтгаан хар тугалга болоод байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here