Зохиолч Б.Чимид: Сумын дарга нар өглөө босоод нараа шинждэг малчид шиг бай!

177
Зохиолч Б.Чимид: Сумын дарга нарт хандаж хэлэхэд…
-Та нар өглөө босоод нараа шинждэг малчид шиг бай. Манай суманд хэн нь ажилтай, хэн нь ажилгүй байна гэдгийгээ сайн гарга. Малынхаа ашиг шимийг бүрэн авах ямар арга байна гэдгийг сайн ярилц. 1000 малтай айл тэндээс хичнээн ноос, сүү, арьс шир, дайвар бүтээгдүүн ашиглаж байна, 300 малтай айл юуг ашиглаж байна, 100 малтай айл ямархан байна гэдгийг судал. Бэлчээрийн даацдаа тохирсон малтай байлга.
Асар их бэлчээр, үнэгүй ус, өвс нутгаасаа идсэн мөртөө орон нутаг, сум, багтаа тус нэмэргүй, малын тооны төлөө, цөлжилт үүсгэж яваа малчид хэнд ч хэрэгтэй биш. Орон нутаг хувхайрч байгаад санаа зовох ёстой.
Түүний тулд сумандаа 1-2 га талбайтай мод үржүүлгийн газар байгуул. Түүнд тохирсон хашаа барь, худаг гарга, эсвэл гол горхи бараадуул, манаач буулга, тэр манаачаа цалинжуул, чадахгүй бол сард 1 төлөг өг, мод тарьдаг хүн бэлд, хотоос сургалт ав, аргаа заалга, өөрөө бас экологич бол. Адаглаад оршуулгынхаа газрыг хашаажуулаад ойжуулчих. Би аргыг нь заагаад өгье. Мэргэжлийн хүн байхад ашиглаад авахыг бод.
Орон нутаг цөлжиж, гол горхи ширгэж, өвс ургамал ургахгүй байхад та нар яаж мал өсгөхийм. Тэд юу идэж уух юм. Дэлэнт малын сүү авахгүй, халуун зунаар хар цай ууж байгаа малчдаа яая гэж бодож байна?
Сумандаа хөргүүлтэй сүүний машинтай бол. Сумын төвдөө сүү боловсруулах цех байгуул. Нэг ч ажилгүй хүнгүй болох хэрэгтэй. Хот, аймагт ажиллаж буй мэргэжилтэн хүмүүсийн тусламжийг ав. Чадаж байгаа юм шиг битгий тэндээ ухандаад бай. Орон нутаг хөгжихгүй байна. Хөгжил гэж юу вэ? Хүнээ хөгжүүл.
Хашаандаа 3 чацарганы буттай айл 50кг жимс хурааж иднэ. Та хүсвэл очоод сумынханд чинь сургалт хийгээд өгий, үр үрслэгээ, суулгац олоод өгье, хавар Хайлаасны үр түүгээд явуулъя. Яасан их бололцоо, яасан их хугацаа, яасан их баялагаа алдаж байна вэ?
Та хэдэн жил дарга хийсэн бэ? Хашаандаа чацаргана тарьж жимсийг нь авдаг хэдэн айл, хэдэн хүн байна аа танай суманд. Дээр үеийн Ховдын Лувсан, Говь-Алтайн Чулуун, Лодойхүү, Архангайн Минжүүр, Намжиг, Завханы Адъшаажав, Хөвсгөлийн Аварзэд, Увсын Тожвойн Цэвээн шиг дарга болохын төлөө ажиллах хэрэгтэй.
Сонгуулиас сонгуулийн хооронд биш, орон нутгаа хөгжүүлэхийн төлөө, төрөлх сумынхаа иргэдийг орлоготой, олбортой болгохын төлөө чөмгөө дундартал, тэднийхээ талалхлыг хүлээж ажиллацгаа. Бага шиг талцаж, улс төржиж, хувийн ашиг хөөж, нэр хүндээ барцгаа. Та нарыг сумынхан чинь итгээд ДАРГА болгосон.
Чимид Бадрах
2026.12.25

хариулах

Please enter your comment!
Please enter your name here