- Төгрөг нуурын ордыг дээрэмдсэн хэрэг буюу Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарт холбогдох хэрэг хаана явна вэ?
Одоогийн УИХ-ын дарга Н.Учрал ЗГ-ын ХЭГ-ын дарга байхдаа Ерөнхийлөгч асан Х.Баттулгын мэдэлд хууль бусаар очсон гэх Төгрөг нуурын ордыг төрийн мэдэлд авна гэдгээ зарлаж, улмаар Төгрөг нуурыг дээрэмдэж, 250 сая доллараар зарсан талаарх асуудлыг сөхөж, хуулийн байгууллагад хүлээлгэж өгөхөө онцолж байв.
Улмаар 4-р сарын 17-нд АТГ болон прокурорын хамтарсан ажлын хэсэг гарч, Х.Батулга нарыг “эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй” гэх зүйл ангиар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн байдаг.
Харин уг асуудлаар нь чуулгандаа хааяахан ирж үзэгддэг Х.Баттулгаас тодруулахад тэрээр “буцаагаад авчихсан гэсэн шдээ” хэмээн даапаалсан хариулт хэлж байв.

Гэвч түүнээс хойш хойш 8 сар өнгөрчихөөд байхад уг хэргийн шалгалтын ажиллагаа ямар шатандаа яваа нь тодорхойгүй, бүдгэрсээр намжмал байдалд ороод байна. Энэ хэргийг АТГ, УЕПГ хэзээ мухарлаж дуусгах вэ гэдэг асуулттай энэ оныг үдэж байна?
- Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн гэр бүлийн тансаглал буюу хөрөнгө орлогыг шалгах асуудал хаана гацав?
Өнгөрсөн 5-р сарын 9-нд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүү Тэмүүлэн гэгч найз бүсгүйдээ 20 саяар цүнх, 17 саяын алмазан бөгж мэтийг нэгхэн өдрийн дотор авч өгсөн зураг цахим ертөнцөд тарж, улмаар иргэн Ц.Лут-Очир нар тус гэр бүлийнхний орлогыг шалгауулах хүсэлтийг АТГ-т өгсөн юм.
Гэвч тэр цагаас хойш Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүү Тэмүүлэн нар улсын төсвийн мөнгөөр тансагласан эсэхийг тогтоох ажил мөн л аль шатандаа яваа нь тодорхойгүй 7 сар өнгөрөв.

Өнгөрөсөн 7-р сард АТГ-аас мэдээлэл гаргахдаа “Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансагласан мөнгийг Херо энтертайнмент шилжүүлсэн байна. Тиймээс түүний орлого хууль ёсных” гэх агуулгатай мэдээлэл гаргаад улмаар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий Херо энтертаймент, Хүлэг контент кромпаниудын захирал Б.Баатар, А.Амундра нарыг үргэлжүүлж шалгаж байгаагаа мэдэгдсэн байдаг. Гэвч өнөөг болтол энэ шалгатын ажиллагаа хаана яваа нь тодорхойгүй байна.
- УИХ-ын гишүүн С.Ганбаатарын мөнгө угаах, эрх мэдлээ урвуулах гэмт хэрэг шалгалтын ажиллагаа хаана явна вэ?
Өнгөрсөн 7-р сарын 24-ний МҮЭХ-ны Ерөнхийлөгч байсан Х.Амгаланбаатарын зуслангийн байшинд АТГ-аас нэгжлэг хийсний төлөө УИХ-ын гишүүн С.Ганбаатар өөрийн биеэр үсэрч гарч ирснээс хойш түүнийг болон зөвлөх, туслахуудыг нь шалгаж эхэлсэн билээ.

Түүнээс хойш шалгалтын ажиллагаа явсаар түүнийг “мөнгө угаах, хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих” зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн ч УИХ-ын гишүүн С.Ганбаатар прокрорын мэдэгдэх хуудсыг гардаж авахгүй байсны улмаас мөрдөгчид түүнд прокурорын мэдэгдэх хуудсыг гардуулахаар Төрийн ордонд хүртэл очсон байдаг.
Улмаар Ганбаатар 9.24-нд өөрөө очиж өөрт холбогдох хэргийн яллах дүгнэлттээ гардан авсан гэдэг. Гэвч үшүх хурал нь яагаад болохгүй 3,4 сар болж байгаа нь хачирхалтай.
- УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарын эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хахууль авах гэх хэрэг хаана явна?
Өнгөрсөн 9-р сарын 11-ний өдөр МАН-ын хэвлэл мэдээлэл хариуцсан НБД Ц.Чулуунзагдыг АТГ-аас саатуулснаар УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланд хамаарах хэргийг шалгаж эхэлсэн гэж болно.
Ц.Чулуунзагд, Д.Амарбаясгалан нар үйл зайгүй найзууд төдийгүй Ц.Чулуунзагдын төрсөн ах Ц.Ламжавын эзэмшдэг Админерал гэх компанид Бор тээгийн ордыг давуу байдлаа олгон өгсөн гэх гол агуулгаар шалгаж байгаа.

Уг хэрэгтэй холбоотой баримт, материалыг одоогийн ХЗДХ-ийн сайд Энхбаяр хуулийн байгууллагад өгсөн байдаг.
Харин ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын саяхан буюу 12-р сарын 17-нд өгсөн мэдээллээр УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг яллагдагчаар татаж, прокурорын хяналт дор АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг дурдсан юм.
- УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан гэх хэрэг?
Өнгөрсөн 10-аар сарын 17-нд УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэж, УИХ-ын 95-р тогтоолыг баталсан байдаг. Гэвч энэхүү тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэдгийг ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар тогтоосон юм.

Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байдаг. Гэвч сар гаруйн хугацаа өнгөрсөн ч түүнд холбогдох хэрэг хэрхсэн нь тодорхойгүй, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ч УИХ-ын даргын дэд даргын албан тушаалаа хүлээлгэж өгснөөс өөр тодорхой шалтгаангүй чуулгандаа ч суухгүй алга болов.
Энэ хэрэг хэрхэн шийдэгдэх вэ гэсэн асуулт нийгэмд үлдээж, 2025 он дуусаж байна.
- УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарын эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэг хаана гацав?
УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарын Хөгжлийн банкинд ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх хэрэг шүүхээр шийдэгдэж, түүнд ял оноосон ч шүүхийн шийдвэр нь хэрэгжихгүй жил дамнан үргэлжилж, 2025 оныг үдэж байна.

Түүнд шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан ч торгох ялаа биелүүлсэн ч нийтийн албанд ажилласан хэвээр буюу УИХ-ын гишүүний ажлыг хууль зөрчин хийсээр байгаа юм.
Уг нь УИХ-ын тухай хуулийн 9.1.5 дээр УИХ-ын гишүүн нь гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр эцэслэн тогтоогдсон бол бүрэн эрх нь хугацаанаас нь өмнө дуусгавар болох зохицуулалт бий.
Нэг ёсондоо шүүх шийдвэраа гаргасан, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ёстой ШШГЕГ ажлаа хийж, түүнд нь УЕПГ хяналт тавих ёстой ч дээрх 2 байгууллага ажлаа хийхгүй байсаар он дуусаж байна.
- УИХ-ын гишүүн Э.Болормаагийн сонгуулийн хууль зөрчсөн хэрэг юу болов?
УИХ-ын гишүүн Э.Болормааг 2024 оны сонгуульд оролцохдоо гадны хөрөнгө оруулалттай компаниас хандив авч сонгуулийн тухай хууль зөрчсөн хэргээр яллагдагчаар татаж мөн л жил гаруй шалгагдаж байгаа.
Өнгөрсөн 11-р сард яллагдагчаар татагдсан гэснээс хойш энэ хэрэг шүүх рүү шилжсэн эсэх нь мөн л тодорхойгүй гацаанд орж 2025 оныг дуусгаж байна.

















