Сэтгүүлч Э.Инга “лайвчин” Д.Мөнх-Эрдэнэд заамдуулсан хүн хэн бэ гэдгийг бичжээ.
Тэрээр,
ДУУТАЙ НЬ ЦУУТАЙ мэт харагдах болсон энэ цаг үед дуугарч явах бас хэрэгтэй санагдлаа. Сүүлийн хэдэн өдөр сошиалаар сэвэгдсэн бичлэг дээрх Мөнх-Эрдэнэд заамдуулсан хүн хэн бэ? Шуурган Монголчууд минь сенсацаас сенсаацны хооронд амьдарсаар байгаа энэ үед сүүлийн хэдэн өдөр цахим орчинд “хоол” болсон нэг бичлэгний талаар дуугарья. Угтаа бол дурын хэн нэгэн гарт заамдуулах хэмжээний хүн биш юм…
-Энэ хүнийг геологич Дамдинсүрэн гэдэг. Тэрээр бүр хүүхэд байхаасаа 1-р ангиа төгсөөд 1976 онд Цагаан суваргын хайгуулын экспедицэд геологичид дагаж маршрутанд явж эхэлсэн бол 1982 оноос 7-р ангиа төгсөөд өрмийн туслахаар жил бүрийн зуны амралтаараа ажиллаж, Таван толгойн хайгуулд сурагч ахуй наснаасаа ажиллаж оролцож байснаар ирээдүйн мэргэжлээ сонгох эхлэл нь болсон юм.
Монгол Улсыг олон жил эдийн засгийн хувьд чирж яваа гол үйлдвэр болох Эрдэнэт Үйлдвэрт хамаг сэтгэл оюун, чадвар мэдлэгээ зориулж яваа, 30 гаруй жил уул уурхайн салбартаа тасралтгүй ажиллаж яваа хүн билээ. ГОК-ийг нээх хайгуулд түүний аав нь оролцож явсан, ГОК-ийн насжилтыг уртасгах хайгуулыг өөрөө хийсэн 2, 3 үеэрээ энэ үйл хэргийг өвлөж, үргэлжлүүлж яваа ЧИМЭЭГҮЙ БААТАР юм. Даан ч даруухан л даа.
Даруухан гээд дээрэлхэж болно гэсэн үг биш. Хүлцэнгүй гээд хүндлэхгүй байж болно гэсэн үг ч биш. Ингэсэн тэгсэн гэж ярьж цээжээ дэлддэггүй, тэгэх ч шаардлагагүй хүнийг харин “яг юу хийж бүтээсэн, ямар нэртэй төртэй хүн бэ” гэдгийг таниулахаар энэ бичвэрийг сийрүүллээ.
Тэрээр уул уурхайн салбарын ЭХЛЭХ ЦЭГ болсон геологич мэргэжлийг 1993 онд Улаанбаатар хотын ТИС-ийн Геологи, уул уурхайн сургуульд эзэмшиж, 2012 онд мэргэшисэн геологич болж, 2023 онд “ӨНГӨТ МЕТАЛЛЫН ОРДЫН ХАЙГУУЛ” сэдвээр Монгол Улсын “ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР” хамгаалсан. Одоогоор “Эрдэнэтийн овоо бүлэг ордын геологи хүдэржилт” сэдвээр докторын судалгааны ажлаа хийж байна. Түүнчлэн ОХУ-ын Москва, Германы Freiberg, Австралийн Perth хотуудад мэрэгжил дээшлүүлсэн жинхэнэ геологич хүн юм аа.
Ийм жинхэнэ мэргэжилтнүүдийн хүчээр уул уурхайн том үйлдвэрүүд ажиллаж, тэр үйлдвэрүүдийн олсон мөнгө улсын төсөвт очиж, түүнийг нь та бид хүртдэг юм. Хайгуул амжилттай байж гэмээнэ, уурхай ажиллаж, ашиглалтад орж, амжилттай ажилладаг дүрэмтэй. Та санаж байвал Ковид цар тахлын үед 980 мянган айл өрхийн цахилгаан, дулааны төлбөрийг Эрдэнэт үйлдвэр 100 хувь хариуцсан. Нэг хүний ач гавьяа мэт ярьж болохгүй ч, нарийн ярьвал энэ хүний, хамт олных нь хөдөлмөрийн ач гавьяагаар таны, миний гэрийн тог дулааны мөнгө төлөгдсөн юм. Үүгээр ч зогсохгүй, улсын төсөв, төлөвлөгөө гээд ярих юм их хөвөрнө.
ТИС төгссөөд 1994 оноос “МОНГОЛРОСЦВЕТМЕТ”-н Төв аймгийн Заамар сум дахь “Шижир-Алт” уурхайн геологич, Дорноговь аймгийн Өргөн сум дахь жоншны “Өргөн” уурхайн тэргүүлэх геологичоор тус тус ажиллаж байгаад 2001 оноос “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ын Хүдрийн ил уурхайд геологич инженер, тэргүүлэх геологичоор ажилласан бөгөөд 2013 оноос Эрдэнэт үйлдвэрийн Геологи-маркшейдерийн хэлтсийн дарга, Ерөнхий геологичоор ажиллаж байсан.
2015 оноос Эрдэнэт үйлдвэрийн Геологи хайгуулын экспедицийн даргаар одоо хүртэл ажиллаж байна. “Эрдэнэтийн-Овоо” ордын хүдрийн нөөцийн хайгуулыг хийж, жил бүр өсгөн нэмэгдүүлж, өөрийн онолын мэдлэг, ажлын туршлагаа хамт ажиллагсаддаа түгээн дэлгэрүүлж, үйлдвэрийн Геологи хайгуулын экспедицийн ажлыг удирдан ажилладаг.
Үйлдвэрт анх удаа хүдрийн минералогийн өгөгдлийг тоон мэдээлэлд хөрвүүлэх ажлыг удирдан, хүдрийг технологийн төрлөөр нь ангилан, 3-н хэмжээст модель үүсгэх ажлыг дэлхийн уул уурхайн салбарт түгээмэл хэрэглэдэг Surpac-Vision5H програмын орчинд хийж гүйцэтгэх ажлыг удирдсан.
Эрдэнэт үйлдвэрийн хүдрийн нөөцийн тайлан бичиж, хүдрийн нөөц болон бусад ашигт малтмалын тайланг Эрдэс Баялгийн мэргэжлийн Зөвлөлийн хуралд хамгаалах ажилд олон удаа орж байсан. (2013, 2016, 2021 хүдрийн нөөц өсгөх тайлан. 2018 түгээмэл тархацтай ашиг малтмалын тайлан гэх мэт)
2013 онд Төвийн ордын хайгуулыг баг хамт олоноо удирдан ажиллаж тайланг ЭБМЗ -д тайлаглан хамгаалж, шинэ хэсгийг ашиглалтанд оруулсанаар Эрдэнэт үйлдвэрийн олборлолтын үйл ажилгааг тухайн үед 15 жилээр сунгасан бол 2021 онд 60 хүртлэх жилээр сугнах тооцоог гаргаж байлаа. 2023-2025 онд Оюутын ордын нарийвчилсан хайгуулын ажлыг удирдан зохион байгуулж нөөцийн тайланг ЭБМЗ – д хэлцүүлэхээр бичиж байна. Үүгээр мөн уурхайн олборлолтын үйл ажилгаа 15 жилээр уртасгах боломжтой. Энэ хүн шиг геологичид маань сайн ажиллаад байвал уурхай ажиллаад л байна. Монгол Улсын хөгжлийн гол тулгуур салбар уул уурхай амжилттй ажиллаад байвал улс эх орны эдийн засаг сайжраад л байна. Тэгж гэмээнэ таны бидний ирээдүй илүү таатай орчинд амьдрах юм.
Зөвхөн өөрөө мэргэжлээ эзэмшиж, чадвараа нэмэгдүүлэхийн сацуу энэ салбарын ирээдүйн инженерүүдээ бэлдэхээр ажлынхаа хажуугаар 15 жил ТИС-д багшилсан. Хойч үе залуу үеээ халамжлан хүмүүжүүлж яваа хүн билээ.
Та дахиад бодоод үзээрэй. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, хийсэн шиг хийж, ажилладаг салбар, харьяалагддаг байгууллагадаа сайн ажилласны төлөө хэн нэгэнд заамдуулах ямар гэм хийсэн бэ?
Түүгээр зогсохгүй мэргэжлийн болон олон улсын сэтгүүлд геологи хайгуул судлалын чиглэлэээр 2007-2013 оны хооронд 10 гаруй эрдэм шинжилгээний илтгэлээ нийтлүүлсээр ирсэн юм.
Ингээд та бүхэн өнөөдөр Монгол Улсын зөвлөх инженер, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн Геологи хайгуулын ангийг удирдаж байгаа мэргэжлийн геологич Дамдинсүрэн гэдэг хүнтэй танилцлаа.
Хэдүүлээ өөрсдийнхөө бүтээж байгаа нийгмээ бас дахиж харах цаг болжээ. Үр хүүхдийнх нь хувьд өр өвтгөж, сэтгэл эмтэлсэн өдрүүд байлаа. Бид хаашаа л яваад байна даа. Хашгирсан дуутай болгон нь мундаг биш шүү. Даруухан хийх ёстойгоо тултал хийгээд яваа ЧИМЭЭГҮЙ БААТРУУД бий шүү.
Тэдний нэг нь энэ хүн шүү. Монголчууд минь ЦЕНЗУРТАЙ хандаж байгаарай гэж хүсье! Монгол хүний саруул ухаанд итгэсээр байх юм сан… Энэ хүнийг ямар хүн гэдгийг мэдэх нэг нь мэднээ. Мэргэн ардаас асуугаарай, гэжээ.
















