2025 оны онцлох 10  үйл явдлыг Record.mn нэрлэж байна

316

2025 онд болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг Record.mn нэрлэж байна.

2025 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН 1-РТ: “ОГЦРОХ АМАРХАН” ЖАГСААЛ…

-2025 оны 5-аар сарын 13-нд О.Уламсайхан нарын залуус Сүхбаатарын талбайд “Огцрох амархан” нэртэй жагсаалыг албан ёсоор эхлүүлснээр Ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш Монгол Улсын түүхэнд хамгийн урт хугацаанд буюу 5 жил Засгийн эрх барьсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулсан билээ.

Бичлэг үзэх линк:

Тухайн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн болон гэр бүлийн тансаглал, зугаацал олон нийтийн дургүйцлийг хүргэж, тус гэр бүлийг орлогоо нотлохыг шаардсан иргэдийн шаардлага улмаар жагсаал болон өргөжиж Монгол Улс  төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд орж, дэлхийн олон хэвлэл мэдээлэл Монгол Улсын залуучуудыг жагсаалыг сурвалжилж байсан нь яах аргагүй онцлох үйл явдал байв.

Хамгийн онцлууштай нь 22 өдрийн турш үргэлжилсэн энэ жагсаалыг нийт 100 мянга гаруй хүн цаасан дээр дэмжин гарын үсгээ зурж,  60 мянга гаруй хүн цахимаар саналаа өгч, зөвхөн “Огцрох амархан” пэйжээр дамжуулж 15 сая, инстаграмд 16 сая хүн энэ жагсаалд нэгдсэн юм.

Энэхүү жагсаал нь хамгийн тайван, залуус өргөнөөр оролцсон, нийгэмд итгэл түгээж, соёл үлдээсэн жагсаал байсан билээ.

Жагсаалын үр дүнд Монгол Улсад шинэ Засгийн газар бүрэлдэж, 5 жил үргэлжилсэн орчин цагийн хэлмэгдүүлэлт, сошиал тархи угаалт зогсож, иргэдийн үгээ хэлэх эрх чөлөө сэргэсэн юм.

2025 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН 2-РТ: “PHYSICAL ASIA ШОУ

“Physical Asia” шоунд монголчууд түүхэндээ анх удаа оролцож Монгол Улсаа дэлхий даяар сурталчилсан түүхэн үйл явдлыг бид нэрлэж байна.

Бичлэг үзэх линк:

2021 онд БНСУ-ын MBС Netflix-тай хамтран эхлүүлж байсан “Physical 100” шоу энэ жил анх удаа хүрээгээ тэлэн Азийн улс орнуудыг хамруулсан бөгөөд уг тэмцээнд Монгол Улсын арслан Б.Орхонбаяр ахлагчтай баг орцолсон нь дэлхий нийтийн анхаарлыг татсан юм. Энэ тэмцээнд Монголын баг тамирчид Монгол Улсыг дэлхийд дахинд шинээр харуулж, Монголчуудыг дахин нэгтгэж, уйлуулж омогшуулж огшоож чадсан юм.

Энэ бол Чингисийн  үр сад гэгддэг монголчууд ямар арга  ухаан, тэсвэр тэвчээр бяр тэнхээтэйг дэлхий нийтэд таниулж, тэр хэрээр монголыг сонирхох дэлхийн слонирхол ч нэмэгдсэнийг бид бэлхэнээ харж байна. Энэхүү шоунд оролцох боломжийг хангасан Spark Agenсу-ийг ч мөн дурдах ёстой юм.

Энэ шоуны үр дүнд Монгол Улсыг зорин ирэх Physical Asia” шоуны тамирчдын цуваа тасрахгүй байгаа бөгөөд Netflixийн  баг хүртэл  Монгол ирж тусгай дугаар хийж буцсан юм.

2025 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН 3-РТ: ЦАХИМ СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА-“THE MONGOLZ”

Өнгөрч буй 2025 оны туршид монголыг дэлхий нийтэд сурталчилж буй “The MongolZ” буюу Монголын esports-ын түүхийг эвдэж буй залуус энэ оны онцлох жагсаалтын 3-аарт бичигдэж байна.

Бичлэг үзэх линк:

Хэдхэн жилийн өмнө орон сууцны доор подволоос эхэлсэн Монголын цахим спорт дэлхийн түвшинд хүрснийг зарлаж, Counter-Strike 2 төрлөөр өрсөлддөг “The MongolZ” баг энэ оны 8-р сард Саудын Арабд болсон “Esports World Cup 2025”-д ДАШТ-нд түрүүлэн Дэлхийн аварга болж, 500.000 $-ийн эзэн болсон нь онцолхгүй байх аргагүй үйл явдал билээ.

Мөн тэд АНУ-д болсон  “Austin Major -2025” тэмцээний дэд адарга болж, 170,000$ эзэн болоод зогсохгүй тэд

BLAST Bounty Fall 2025 тэмцээний 2-р байр,

IEM Katowice 2025 тэмцээнд шөвгөрч, 80,000 ам.долларын эзэн болсноороо

2025 онд “The MongolZ” баг дэлхийн чансааг тэргүүлж, Монгол Улсыг цахим спортын шинэ хүчирхэг тоглогч орон гэдгийг тунхагласан юм.

Тэд монгол төдийгүй Азийн баг шигшээ тэмцээнд 15 жилийн дараа анхны түрүүг авчирсан амжилтыг дэлхийд зарлаж, дэлхийн чансаагаар эхний 10-т багтсан цорын ганц Ази баг болж, олон улсын томоохон тэмцээнүүдэд шөвгөрсөн, Азийн Counter Strike-ийн түүхэн дэх шилдэг баг гэгдэх болсноороо тэд Монголыг төдийгүй Азийг дэлхийд сурталчлан таниулж чадсан юм.

2025 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН 4-РТ: АНХ УДАА 3Х3 ЭМЭГТЭЙ САГСАН БӨМБӨГИЙН ДАШТ-НИЙ ДЭД АВАРГА БАГ ТӨРӨВ

Монголын түүхэнд анх удаа багийн спорт болох 3*3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг мөнгөн медаль хүртэж, олон улсын тавцанд Монголын нэрийг өндөрт өргөсөн түүхэн жил байлаа.

Бичлэг үзэх линк:

Монгол Улсад анх удаа болсон 3*3 сагсан бөмбөгийн ДАШТ-д 27 орны эрэгтэй, эмэгтэй 40 баг өрсөлдөн уг тэмцээнд Монголын 3х3 эмэгтэй баг өндөр ур чадвар, тэсвэр тэвчээр, багийн нягт уялдааг харуулж, финалын шатанд шалгарсан  бөгөөд тэд хэсгийн тоглолтуудад дараалан ялалт байгуулж, хасагдах шатанд хүчтэй өрсөлдөгчдийг буулган авснаар дэлхийн аваргын мөнгөн медалийн болзол хангасан нь Монголын түүхэнд анх удаагийнх юм.

Энэхүү амжилт нь Монголын 3х3 сагсан бөмбөгийн хөгжил олон улсын түвшинд хүрснийг нотолж, цаашдын тэмцээн уралдаанд итгэл найдвар төрүүлэх болсон юм.

2025 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН 5-РТ: 11 ЖИЛИЙН ДАРАА –ONE CHAMPIONSHIP-ИЙН ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛОВ

Physical Asia шоуны оролцогч, холимог тулаанч Б.Энх-Оргил МУГТ Ц.Нарантунгалаг багшаасаа хойш 11 жилийн дараа ONE холбооны 66 кг‑ын дэлхийн аваргын бүсийн эзэн болсноор монголчууд тулааны урлагт ямар чансаатай вэ гэдгийг дэлхий нийтэд тунхаглаж чадсан юм.

Бичлэг үзэх линк:

Хамгийн онцлох нь тэрээр 37 насандаа буюу тулааны спортод харьцангуй хожуу насандаа өөрөөсөө 10 насаар дүү Бразилийн тамирчин, One холбооны бүсийн эзэн Фабриког ялсан нь түүхэн амжилт байв. 

Түүний энэ амжилт мөн л ирээдүйн тулааны спортын тамчирдад итгэл найдвар бэлэглэж, эх орноо дэлхий дахинаа сурталчлан таниулсан бахархам үйл явдал болсон юм.

2025 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН 6-РТ: ДЭЛХИЙН ШИЛДЭГ ДУУРИЙН ДУУЧИН МОНГОЛООС ТОДРОВ

Монгол Улсын Ардын жүжигчин, Соёлын элч Э. Амартүвшин өнгөрч байгаа оны 7-р сард дэлхийн шилдэг дуурийн дуучдын жагсаалтыг 7500 оноогоор тэргүүлж, олон улсын үзэгчдийг байлдан дагуулсан нь энэ оны онцлох үйл явдал байв.

Бичлэг үзэх линк:

Э. Амартүвшин Итали, Франц, Их Британи, Герман зэрэг улсуудын нэр хүндтэй тайзнуудад тоглож, Монгол хүний хүчирхэг дуу хоолой, ур чадварыг дэлхий дахинаа таниулж, монгол улсын сонгодог урлагийн чансааг дэлхийд тунхаглаж байна.

Э.Амартүвшин нь 25 насандаа МУГЖ болсон бол 36-тайдаа буюу 2022 онд МУАЖ цол хүртэж, 39 насандаа ийнхүү дуурийн дэлхийн шилдгүүдийг манлайлж байгаа нь яах аргагүй түүхэн амжилт юм.

2025 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН 7-РТ:  БАЯНХОНГОР АЙМАГ 76 ЖИЛИЙН ДАРАА УЛСЫН ЦОЛТОНТОЙ БОЛОВ

“Хонгор нутаг” дуу 76 жилийн дараа Төв цэнгэлдэх хүрээлэнд эгшиглэсэн энэ оны хамгийн оцлох үйл явдлуудын нэг юм.

Бичлэг үзэх линк:

Монгол төрийн Үндэсний баяр наадамд малчин ардын хүү Энхтүвшингийн Батмагнай 24 насандаа 9 даван түрүүлж Монгол Улсын арслан болсон юм.

Тэртээгээс 76 жилийн өмнө буюу 1949 онд Пагмын Аюуш Баянхонгор аймгаас Монгол Улсын арслан цолны болзол хангаж байсан бол энэ удаад 76 жилийн жилийн дараа Хонгор нутгаас улсын арслан төрсөн нь яах аргагүй түүх юм.

Мөн түүний амжилт ганцхан улсын наадмаар хязгаарлагдалгүй ар араасаа хөвөрч, “Чингис хаан” цомын барилдаан болон “Өндөр гэгээний Даншиг” наадамд тус тус түрүүлж энгүй хүчтэн гэдгээ баталсаар байгаа билээ.

2025 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН 8-РТ: ТӨРИЙН ХЯМРАЛ БУЮУ НЭГ ӨДРИЙН ДОТОР ҮАБЗ-ИЙН ХОЁР ГИШҮҮНГҮЙ БОЛСОН ТҮҮХ…

Засгийн эрх барьж байгаа МАН-ын хагарал, хуваагдал төрийн хямралд хүрч Монгол Улс түүхэндээ анх удаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2 гишүүн буюу УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа нэг өдрийн дотор огцруулсан түүхэн жил байв.

68 гишүүнтэй эрх баригч нам 30, 38-аараа 2 хуваагдаж, улмаар ТӨРөө татан унагасан нь монголын түүхэн дэх асар том сургамж болж үлдсэн юм.

Өмнө нь хагарсан ч түүнийгээ ил гаргаж байгаагүй, тэгсгээд асуудлаа шийддэг байсан эрх баригч намынхан он хоорондын ялгаа, эрх мэдэл, сандал суудлын хуваарилалтаас үүдэн Үндсэн хуулиа зөрчин, төрөө хямруулж болдгийг тод томруун харуулсан жил байв. Энэ хямрал одоо ч бүрэн намжаагүй бөгөөд шинэ Засгийн газраа унагаах оролдлогыг үргэлжлүүлсээр байгаа юм.

2025 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН 9-РТ: ЯПОН УЛСЫН ЭЗЭН ХААН НАРУХИТО МОНГОЛ УЛСАД АЙЛЧЛАВ

Монгол, Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд Япон Улсын Эзэн хаан Нарүхито, эрхэмсэг хатан Масакогийн хамт Монголын Үндэсний их баяр наадмын өдрүүдэд албан ёсны айлчлал хийв.

Энэ нь 18 жилийн дараа Японы Эзэн хаан Нарүхито, Эрхэмсэг хатан Масако нар Монгол Улсад айлчилж байгаа түүхэн үйл явдал бөгөөд энэ айлчлалын хүрээнд Япон Улсын эзэн хаан, хатан нар дипломат ёсоо эвдсэн олон алхмуудыг хийж, сур шагай харваж, айраг цагаа амсаж өнгөрүүлсэн нь түүхэн үйл явдал байв.

Энэхүү айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүний түвшинд харилцааг шинэ шатанд ахиулж, найрамдалт харилцааг бэхжүүлээд зогсохгүй Монгол Улсыг Япон Улсад төдийгүй Ази дахинд дахин шинээр харуулсан үйл явдал байсан билээ.

2025 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН 10-РТ: ЭМЧ, БАГШ НАР ХАМГИЙН УРТ ХУГАЦААНД БУЮУ 20 ӨДӨР АЖИЛ ХАЯВ

Монгол Улсын түүхэнд бараг анх удаа эмч, багш нар цалингаа 76 хувиар нэмүүлсэн үйл явдал 2025 онд болж өнгөрөв. Ингэхдээ тэд 20 хоногийн турш ажил хаялт зарлаж, хүүхдүүд 20 хоногийн турш цахим хичээлд шилжсэн нь оцлох үйл явдал байв.

Өнгөрсөн 10-р сард Г.Занданшатарын Засгийн газар тогтож үлдсэний дараахан Засгийн газрын бойкотолсон эмч, багш нарын жагсаал болж, багагүй хугцаанд үргэлжилсэн жагсаалын үр дүнд багш нары цалинг үе шаттайгаар 75 хувиар, эмч нарын цалинг мөн үе шаттайгаар 76 хувь нэмэгдүүлэх 3 талт хэлэлцээг хийж чадсан юм.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here