БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Гэр бүл, хүүхэд хөгжлийн Намү төв нь БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ-тай хамтран “Хүүхэд бүрт монгол хэл сургая” аяныг эхлүүлсэн.
Уг аянд Сөүл, Илсан, Пажү, Пүчон, Сүвон, Ижонбү, Тэжон, Бусан зэрэг хотуудаас нийт 52 хүүхэд хамрагдаж, гурван сарын хугацаанд монгол хэл, соёлоо сурлаа.

2025 оны 12‑р сарын 13‑нд суралцсан мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэлийнхээ үр дүнг танилцуулж “Эрдмийн баяр”-аа сэтгэл дүүрэн, урам зоригтойгоор тэмдэглэн өнгөрүүллээ.

Хилийн чанадад амьдарч буй монгол эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүддээ эх хэл, өв соёлоо өвлүүлэн үлдээх нь хамгийн чухал асуудлын нэг байдаг.

“Хүүхэд бүрт монгол хэл сургая” аян нь хүүхэд бүрт монгол хүн байх бахархлаа мэдрүүлэх, уламжлалт ёс заншлаа ойлгох, монгол найз нөхөдтэй болох, улмаар Монголынхоо талаар илүү ихийг мэдэх сонирхол хүсэл эрмэлзлийг төрүүлж чадлаа.

Үр хүүхдүүдийнхээ ирээдүйд цаг хугацаа, сэтгэл, хөрөнгө оруулалт хийж, тэднийг монгол хэл соёлоор тэтгэн дэмжсэн эцэг эхчүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн багшийн эрхэм тангарагаа биелүүлж, мэдлэг чадвар, туршлага, сэтгэл зүрхээ зориулж өдөр бүр хичээнгүйлэн ажилласан багш нартаа гүн талархал илэрхийлж байна.
Намү төвийн хамт олон
















