АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бямба гарагт Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог АНУ-ын цэргүүд баривчилсан гэж мэдэгдсэн юм. Уг үйл явдалтай зэрэгцэн венесуэлчүүд баярлаж, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад талархал дэвшүүлж байгаа бол олон улсад АНУ Венесуэлийг эрхшээлдээ авч байна гэсэн болгоомжлолтой хандаж байна.
Юутай ч дэлхийн хамгийн их газрын тосны нөөцтэй, хамгийн баян дундаж дахаргатай байсан Венесуэлийг 13 жил удирдаж, өнөөдрийн “сүйрэл”-д хүргэсэн Николас Мадурагийн талаарх зарим баримтуудыг Reuter агентлаг онцолсныг хүргэе.
• Николас Мадуро 1962 оны 11-р сарын 23-нд ажилчин ангийн гэр бүлд, үйлдвэрчний эвлэлийн удирдагчийн хүү болон төрсөн.
1992 онд армийн офицер Уго Чавес төрийн эргэлт хийх оролдлого хийж байх үед тэр автобусны жолоочоор ажиллаж байв. Тэр Чавесийг шоронгоос суллуулах кампанит ажилд оролцож, түүний зүүний үзэл баримтлалыг тууштай дэмжигч болсон. Чавес 1998 онд сонгуульд ялсны дараа Мадуро парламентад сонгогджээ.
• Тэрээр Үндэсний Ассамблейн дарга, улмаар Гадаад хэргийн сайд болж, газрын тосоор санхүүжсэн тусламжийн хөтөлбөрүүдээр дамжуулан олон улсын холбоо харилцааг бэхжүүлэхээр дэлхий даяар аялж байв.
• Уго Чавес түүнийг өөрийн залгамжлагчаар нэрлэсэн бөгөөд Чавес нас барсны дараа 2013 онд Мадуро ерөнхийлөгчөөр сонгогдсон.
• Түүний засаглалын үед эдийн засаг асар ихээр нуран унаж, гиперинфляци, архаг хомсдол үүсэв. Түүний дэглэм нь сонгуулийг хуурамчаар зохион байгуулсан гэх хардлага, хүнсний хомсдол, хүний эрхийн зөрчлүүд дагуулж байв. Тухайлбал, 2014 болон 2017 оны эсэргүүцлийн жагсаалуудыг хатуу хүчээр дарсан явдлаар хамгийн их танигдсан. Сая сая венесуэл иргэд гадаад руу цагаачилсан.
• Мадурогийн Засгийн газар АНУ болон бусад улсуудын хатуу хориг арга хэмжээнд өртсөн. 2020 онд Вашингтон түүнийг авлига болон бусад хэрэгт буруутган ялласан. Харин Мадуро эдгээр буруутгалыг няцаадаг.
• Тэрээр 2024 оны сонгуулийн дараа, олон улсын ажиглагчид болон сөрөг хүчний зүгээс луйвардсан гэж буруутгагдсан сонгуулийн үр дүнд, 2025 оны 1-р сард гурав дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлсэн. Засгийн газрын ялалтыг эсэргүүцэн жагссан олон мянган хүнийг баривчилжээ.
• НҮБ-ын Баримт тогтоох баг өнгөрсөн сард Венесуэлийн Боливарын Үндэсний Харуул (GNB) улс төрийн өрсөлдөгчдийг онилон, олон жилийн турш ноцтой хүний эрхийн зөрчил болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн, ихэнхдээ шийтгэлгүй үлдсэн гэж дүгнэсэн.
• Түүний засгийн газрын дарангуйллын арга хэмжээнүүдийг онцлон харуулсан үйл явдал нь 2025 оны Нобелийн Энх тайвны шагналыг сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадод олгосон явдал байв.
Эх сурвалж: Reuters.com
















