АХБ-аас 40 сая, Японы сангаас 2 сая долларын тусламж үзүүлэхээр боллоо

995

Азий хөгждийн банкнаас манай улсын төрийн өмчит усжуулалтын систем болон хүнсний ногооны үйлдвэрлэлийг шинэчлэхэд зориулан 40 сая ам.долларын зээл олгохоор болжээ. Мөн Ядуурлыг бууруулах Японы сангаас 2 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж байгаа аж. Уг гэрээнд гарын үсэг зуржээ. 

Хөдөө аж ахуйн салбар нь орон нутагт иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр болдог  ч нэр төрлийн хувьд хангалттай төрөлжөөгүйн улмаас хүнсний ногоо, бордооны хувьд Монгол Улс импортоос хамааралтай хэвээр байна. Үүний зэрэгцээ, улсын хэмжээнд усалгааны систем нь хүчин чадал багатай, ган гачиг, үер усны аюулд тэсвэргүй байдаг.

Тиймээс дээрх санхүүжилтийг үр ашигтай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй усалгааны дэд бүтэц, менежментийн системийг нэвтрүүлэхад зарцуулна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг дээшлүүлэх, улмаар техник, институци болон удирдлагын чадавхуудыг бэхжүүлэх, уялдаа холбоог сайжруулах юм байна.

Тухайлбал, төслийн хүрээнд нийт 8,000 га газар бүхий сонгогдсон 12 хэсэгт усалгааны системийг дагалдах дэд бүтцийн хамт шинэчлэн сайжруулж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй болгоно. Төслөөс нийт 3,458 өрх ашиг шим хүртэх бөгөөд тэдгээрийн 1,041 нь орлого багатай өрх байх болно гэж тооцоолжээ.  

Түүнчлэн төслийн хүрээнд эрс хүйтэрдэг бүс нутгуудад зориулсан үр ашиг өндөртэй усалгааны технологи, өвөл, зуны ногооны хүлэмж болоод алсын зайн тандалт хийх технологи бүхий хэрэглэхэд хялбар хөрөнгийн менежментийн систем зэрэг инновацид суурилсан, шинэлэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.

Төслийн нийт төсөв нь 46.25 сая ам.доллар бөгөөд АХБ-аас үүний 25.3 сая ам.долларыг хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлээр, 14.7 сая ам.долларыг энгийн нөхцөлтэй зээлээр тус тус санхүүжүүлнэ. Мөн Монгол улсын Засгийн газраас төслийн зардалд 4.25 сая ам.долларын санхүүжилт гаргах бөгөөд үлдсэн 2 сая ам.долларыг Ядуурлыг бууруулах Японы сан (ЯБЯС)-ийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлнэ.

ЯБЯС нь Япон Улсын Засгийн газрын санхүүжилттай бөгөөд Монгол Улсад сүүлийн 20 жил ядуурлыг бууруулах, амьжиргааг сайжруулах болон байгаль орчныг хамгаалах чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж иржээ.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог. 

 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here