Сүүлийн үед нийгмийг цочроосон гэмт хэргүүд ихээр гарах болсон талаар иргэд, олон нийт бичиж байна. Тэгвэл дата шинэжээч Ү.Энхтайван ийм гэмт хэргүүд яагаад ихэсч байгаа шалтгааны талаар бичжээ.
Дата шинэжээч Ү.Энхтайван:
-Нийгэм яагаад догширч, хэрцгийрээд байгааг асууж, бухимдан бичсэн нэг бичвэр уншив. “Яагаад хүмүүс ийм ууртай, догшин болчихов?” гэж асуужээ. Асуулт нь зөв. Харин хариуг нь хаанаас хайж байгаа нь сонирхол татна.
Сүүлийн үед сэтгүүлчид гэмт хэргийг детальчилж, үйлдлийн дараалал, аймшигтай хэсгийг нь задлан, дахин дахин олон нийтэд түгээх нь олширсон. Ингэж бичих нь үнэхээр иргэдийн мэдэх эрхийг хамгаалж байна уу, эсвэл айдсыг улам тэлж, уур бухимдлыг өрдөж байна уу гэдэг асуулт зайлшгүй гарч ирнэ.
“Яагаад гэмт хэрэг нэмэгдээд байна вэ” гэж асуухдаа шалтгаан ба үр дагаврыг ялгаж харах хэрэгтэй. Криминологийн судалгаанд энэ үзэгдлийг аль хэдийн тайлбарласан байдаг.
Судлаач Loren Coleman хүнд гэмт хэргийг нарийвчлан, сэтгэл хөдөлгөмөөр мэдээлэх тусам дуурайх, туршиж үзэх сэтгэл зүйн халдвар үүсдэг гэдгийг олон жил судалсан. Үүнийг copycat effect гэдэг.
Сенсац, сөрөг мэдээ хөөж, асуудалд нэг талыг барьсан, айдас төрүүлсэн, өдөөн хатгасан өнгөөр бичихээ “бодит байдлыг дамжуулж буй эрэн сурвалжлах сэтгүүл зүй”, “иргэдийн мэдэх эрхийн төлөө” хэмээн тайлбарлах нь элбэг. Гэвч мэдээлэл нь нийгмийн сэтгэл зүйд бодит хор нөлөө үзүүлж байвал тэр нь эрүүл сэтгүүл зүйд тооцогдохгүй.
Нийгмийн сэтгэл зүй гэдэг хийсвэр ойлголт биш. Өдөр бүр уншиж, сонсож, харж байгаа мэдээлэл хүний айдас, уур, үл итгэлцлийг аажмаар хуримтлуулдаг. Тиймээс боловсролтой, хариуцлагатай сэтгүүл зүй гэдэг нь зөвхөн “юу болсон”-ыг мэдээлэх бус, тэр мэдээлэл нийгэмд ямар нөлөө үзүүлэхийг ухамсарлах явдал юм.
Хэрвээ хэн нэгэн байнга нийгмийг хуваасан, өдөөн хатгасан, бухимдал төрүүлсэн байдлаар бичдэг мөртлөө “яагаад хүмүүс ийм ууртай, догшин болчихов” гэж асууж байвал эхлээд асуултаа өөрөөсөө асуусан нь дээр.
Мэдээлэх эрх чухал. Гэхдээ мэдээлэл нь нийгмийг сэтгэл зүйн хувьд ядрааж, хордуулж байвал тэр нь мэдээлэл биш, хариуцлагагүй нөлөөлөл. Магадгүй “нийгэм яагаад ийм болчихов” гэсэн асуултын хариуг бид толинд туссан тусгалаасаа харах хэрэгтэй байх, гэжээ.















