#COP17 Дэлхийн үнэлэмж
Дэлхийд данслагдаж, үнэлэмж, үнэ цэнээ тогтоосон хамгийн эртний ой Монголд, тэр дундаа Хэнтий аймгийн Батширээт суманд байдгийг мэдэх үү. Тодорхой хэлбэл, Хан Хэнтийн уулс нь Монгол орны зүүн хойд хэсэгт Хэнтийн нурууны төв хэсгийн гурван аймгийн есөн сумын нутгийг эзлэн оршдог. Хамгийн өндөр цэг нь Хэнтийн нурууны ноён оргил Асралтхайрхан бөгөөд далайн түвшнээс дээш 2800 метр өндөрт өргөгджээ. Нийт талбайн 82 хувьд нь улирлын болон олон жилийн цэвдэгт ул хөрс тархсан байна.
Судлаачдын үзсэнээр, хүн төрөлхтөн дэлхий дээр ямар нэг байдлаар ул мөрөө үлдээгээгүй 1,4 тэрбум га газрын ой анх яаж ургасан тэр чигтээ байгаа гэж тогтоосон. Ийм ойг эрдэмтэд АНХДАГЧ ҮЕИЙН ОЙ гэж нэрлэдэг. НҮБ-ын тодорхойлсноор, дэлхийн ойн бүрхүүлийн гуравны нэгээс илүү буюу 36 хувийг анхдагч үеийн ой буюу голдуу халуун бүсийн ширэнгэн ой эзэлдэг. Гэхдээ сүүлийн арав гаруй жилд анхдагч ой 40 сая га-гаар буурсан мэдээтэй. Тэрчлэн барууны орнуудад ийм “ЗЭРЛЭГ” ой бараг байхгүй гэхэд болно.
Хан Хэнтийн дархан цаазат газрын хувьд анхдагч ойн хэв шинжээ жил ирэх тутамд алдан доройтож, өөрчлөгдөн хувирсаар байгаа. Гэхдээ энэ ой онгон төрхөө харьцангуй сайн хадгалсан гэж эрдэмтэд үнэлдэг. Анхдагч ой нь биологийн олон янз байдлаараа бусадтай харьцуулахааргүй баялаг. Чухамдаа энэ нь ҮНЭТ ЧАНАР, ҮНЭЛЭМЖ болохоос гадна дахин сэргээгдэшгүй баялаг гэдгийг баталж байдаг юм. Зарлигаар дархалсан энэ газар Монголын ой бүхий бусад нутгаас нэлээд өвөрмөц, цэвэр тайгын бүс бүхий газар.
Судалгаанаас харвал, энд 1150 зүйлийн ургамал, 253 зүйлийн шувуу бүртгэгджээ. Мөн баданга хүдэр, хандгай, хүрэн баавгай, чоно, шилүүс, үнэг, дорго, нохой зээх, үен, булга, бор гөрөөс, буга гээд нэн ховор, ховор 50 гаруй зүйл хөхтөн амьтан нутагшдаг. Түүнчлэн Хэрлэн, Онон, Туул, Естий, Захар, Шороот, Минж, Ерөө зэрэг томоохон гол мөрний эх болдог Хэнтий нуруу Монгол орны төдийгүй дэлхийн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалахад чухал үүрэгтэйд тооцогддог юм.















