Сонголтдоо ч, зорилтдоо ч “эзэн” байгаарай, Б.Энхбаяр сайд аа.
Монголын Улсын төрд сүүлийн өдрүүдэд наанаа нам жим, цаанаа тулаантай байна. Сөрөг хүчин нь “сэхээнд орчихсон”, эрх баригчдын зурсан зургаар Монгол Улсын хувь тавилан зурагдаж, иргэд бид зөвхөн ямар шийдвэр гарсныг уншдаг, сонсдог, дагадаг боллоо. Эдийн засаг сайн байгаа гээд толгой эргэм цифрүүд харуулдаг ч яг үнэндээ тэд амьдарч бид “амь зууж” байна. Дээр дурдсан эрх баригчдын албан тушаалын төлөөх “тулаан”-д хууль, хүчнийхэн болон хууль сахиулах байгууллагууд хэрхэн түрэгдэж, хамагдаж, чирэгдэж байгааг бид харлаа.
Өмнөх нийтлэлүүддээ нийтлэлч миний бие тодорхой баримтуудад тулгуурлан ХЗДХ-ийн сайдын хийсэн томилгоог шүүмжилж байлаа. Харин энэ удаад “нүдээ олсон” ганц томилгоо хийснийг нь сайшааж, үүнийгээ улс төрийн шуурга, нутаг усны болон фракцийн андуудын элдэв хуйвалдаанаас хамгаалж үлдээсэй гэж хүсэж байна. Энэ бол сүүлийн өдрүүдэд мэдээллийн сайтууд, олон нийтийн сүлжээгээр онилж чиглүүлэн “буудуулаад” буй ШШГЕГ-ын дарга А.Намсамандын томилгоотой холбоотой юм.
Эхлээд түүнийг тэтгэвэрт гарахаасаа өмнө 69 сая төгрөг авчихаад энэ албан тушаалд томилогдсон гэж гүтгэв. Гэтэл холбогдох баримтыг судлаад үзэхэд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 3-т “Цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмжийн 18 сар хүртэлх хугацаанд ногдох хэсгийг цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх үүссэнээс хойш үргэлжлүүлэн алба хааж байгаа офицер, ахлагчид өөрийн нь хүссэнээр цэргийн албанаас чөлөөлөгдөхөөс өмнө урьдчилан олгож болно” гэж хуулинд заажээ. Өөрөөр хэлбэл тэтгэмжийнхээ тал хувийг хуулийн дагуу л авсан байна.
Мөн түүнийг томилогдсоны дараахан Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид гэмт хэрэгт холбогдон, хоригдож байсан этгээд хорих өрөөний хаалга, цонхоо эвдэж, шаардлага тавьсан харуул хамгаалалтын ажилтны биед халджээ.
Тухайн хоригдогч батлан даалтад гарсны дараа эмнэлэгт нас баржээ. Асуудлыг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа юм байна. Энэ мэтчлэн ХАСУМ-д мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгээс эхлээд, гэр бүл, албан ажлын нэр хүндэд нь халдаж довтолсоор байгаагийн цаана хэсэг бүлэг хүмүүсийн өчүүхэн эрх ашиг байгаа нь тодорхой бөгөөд зохион байгуулалтад хэдийнэ орсон ул мөр ч тогтоогдсоныг хуулийн байгууллага хяналтдаа авах нь зүйтэй болов уу. Нэг онцлогийг дурдахад ШШГЕГ-ын даргаар сүүлийн хэдэн даргыг цагдаагийн байгууллагаас томилоод байсан бөгөөд харин энэ удаад ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тус байгууллагын “гал тогоонд” насаараа чанагдсан жинхэнэ кадрыг таньж томилсон юм. Энэ нь зарим хүнд таалагдаагүй бололтой юм.
Шалтгаан нь олон. Наанадаж улс төрийн талаасаа нутаг усны томилгоо хүссэн байж болно. Цагдаагийн салбараас ШШГЕГ-ын даргыг генералын рангтай гэдгийг тооцоолж, дахиад л цагдаа томилно гэсэн хүлээлттэй байсан нь ч анзаарагдаж байна.
Томилогдсон этгээд өөрөө тун эгзэгтэй үед буюу Ч.Сайханбилэг, Б.Бямбасайхан, С.Баярцогтоос эхлээд нэр бүхий улстөрчдийг 461 дүгээр анги руу хийж үзүүлэх шоу үзүүлбэрийн үеэр тус хорих ангийн даргаар ажиллаж, ямар ч том улстөрчид найр тавилгүй хуулиа мөрдөж байсан нь түүнд дургүйчүүдийг бий болгосон ч тал байдаг биз.
Наад зах нь Монголд “Вышинскийн технологи” хорих байрны уулзалтын өрөөнөөс эхэллээ гээд л чичлүүлж байсан ч хуулийн талд цайз мэт зогссоор давж гарсан байдаг. Харин туршлагын хувьд бол хамгийн халуун цэгүүдэд ажиллаж, ажиллах бүртээ шинэлэг зүйл хийж, хорих анги бол зөвхөн хорьж цагддаг төдийгүй хоригдож буй иргэдээ хамгаалдаг газар гэдэг талаас нь, Ерөнхий сайдын уриалаад буйгаар “Хүний эрхийг дээдлэх” чиглэлээр олон ажил хийдэг байсан гэдэг.
Тухайлбал, Зүүнхараагийн хорих ангид даргаар ажиллаж байхдаа бэлэн мөнгө хоригдлуудад хэрэглүүлснээс үүсдэг хүний эрхийн болон хуулийн олон зөрчлийг таслан зогсоож зөвхөн банкны виза карт л ашигладаг жишгийг бий болгосон, Эмэгтэйчүүдийн хорих ангийн анхны эрэгтэй даргаар ажиллаж байхдаа хүмүүнлэгийн олон ажлыг хийснээр нь хүмүүжээд гарсан иргэд төдийгүй салбарынх нь хамтрагчид нотлон ярьдаг юм байна. Товчхондоо эрх мэдэлтнүүдэд хуулиас давж үйлчилдэггүй, энгийн хоригдлуудыг нүднээс далдуур эрх нь зөрчигдөж дээрэлхүүлэхээс хамгаалж явсан дарга гэнэ. Тиймээс энэ айлын “үүднээс нь хойморт” суухад хүргэсэн ганцхан шалтгаан нь тортой хашааны цаана хүний эрх тунхаглаж явсан түүний амьдралын 23 жилийн цадиг, туршлага л байна.
Нөгөөтэйгүүр, шүүхийн шийдвэр ямар тохиолдолд хуулийн зөрчилтэй гараад байна, хэн, хаана нь, яаж хожиж завшаад байна, түүнийг хэрхэн таслан зогсоож болох талаар маш чухал хуулийн төсөл УИХ дээр явааг олон нийт мэдэж, хүлээж буй. Энэ бол УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын “нүдээ олсон” томилгоотойгоо хослуулж хийх маш том ажил билээ. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн төслийг боловсруулахаас эхлээд хэрэгжүүлэх хүртэлх шатанд, ёстой л “эсийн түвшинд” хүртэл ажилласан туршлагатай хүмүүсгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийг батлуулах, зорьсон түвшиндээ хэрэгжүүлэх боломжгүй юм.
Тиймээс баг сайтай, хууль шинэчлэгдсэн байхад өөрийн нэрээр, мэргэжлийн нэр хүндээрээ, улс төрийн карьераараа legancy үлдээх реформ хийж чадна. Харин энэ бүхэнд саад хийхийг хүссэн улс төрийн элдэв хуйвалдаан, бүлэглэлүүдийн эрх ашгийн сүлжээ бүхнээ зөв таньж тэмцэхийг нөхцөл байдал танаас шаардагдаж эхлээд байна. Амжилт хүсье, Б.Энхбаяр сайд аа.

















