НЕБ-ын сургуулийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулахад үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтарна

103

НЕБ-ын сургуулийн хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих зорилгоор “Сүүн дархлаа” хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж байна.

Энэ жил нийслэлийн 1-5 дугаар ангийн 189,600 хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна. Тус хөтөлбөрт үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтрах юм.

Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан “Харүмафүжи сүүний ферм”-тэй танилцаж, сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцлоо.

Хотын дарга Х.Нямбаатар “Япон улс 1959 оноос, БНСУ 1981 оноос эхлэн сүү хөтөлбөртэй болжээ. Мөн БНХАУ 2005 оноос эхлэн сүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Монголд “Шинэ Монгол Харүмафүжи” ЕБС сүү хөтөлбөрийг хэрэгжүүлээд хоёр жил болж байна.

Бид хөтөлбөрийг хэрэгжүүлэхээсээ өмнө хүүхдүүдийн эрүүл мэнд, өсөлт хөгжлийн суурь үзүүлэлтүүдийг судална. Ирэх жилээс тус хөтөлбөрийг улам бүр сайжруулж, сав баглаа боодлын хувьд байгаль орчинд ээлтэй байхаар зохион байгуулна.

2026-2027 оны хичээлийн жил Улаанбаатар хотын ЕБС-ийн 1-12 дугаар ангийн хүүхдүүдийг бүхэлд нь буюу 430 мянган хүүхдийг нь сүү хөтөлбөрт хамруулахаар төлөвлөөд байна” гэлээ.

Харүмафүжи Д.Бямбадорж:

“Сүү хөтөлбөрийг сургууль дээрээ хэрэгжүүлснээр ямар өөрчлөлт гарч байгаа талаар судлахаар бид багш, ажилтнуудынхаа хүүхдүүд болон эцэг эхчүүдээс зөвшөөрөл авч харьцуулж үзсэн. Намар болон хавар авсан шинжилгээг харьцуулахад сүү тогтмол ууснаар кальци болон Д витамины зохист хэмжээ хэвийн түвшинд хадгалагддаг гэдэг нь харагдсан.

Мөн хүүхдүүдийн өсөлтөд маш сайн нөлөөлсөн. Эцэг эхчүүд үүнд их талархаж буй.

Түүнчлэн, сурагчид ханиад томуугаар өвдөж, хүндрэх магадлал маш бага болсон. Үүнийг сургуулийн эмч нар сүү хөтөлбөр болон биеийн тамиртай холбон тайлбарладаг. Бид сүүг дулааны аргаар боловсруулдаг бөгөөд лактозны харшилтай хүүхэд ч ууж болдог” гэлээ.

НЭМГ-ын дарга Н.Наранбаатар:

“Хүүхдүүдэд сүүг тогтмол уулгаснаар шүд болон ясны бэхжилтэд сайнаар нөлөөлнө гэж ойлгодог бол Д витаминаар баяжуулсан сүүг уулгаснаараа хүүхдийн анхаарал төвлөрөл, анхаарал тогтворжилт, сэтгэн бодох чадвар сайжирна. Мөн мэдрэлийн тогтолцоо, цусны бүлэгнэлтийн үйл ажиллагаанд Д витаминаар баяжуулсан сүү онцгой нөлөөтэй.

Сүү хөтөлбөр олон жил үргэлжилснээр зөвхөн эрүүл мэнд талаасаа төдийгүй олон талын эерэг нөлөөг үзүүлнэ” гэв.

НЭМҮТ-ийн захирал Л.Баттөр:

“Таван жил тутамд Хүн амын хоол тэжээлийн үндэсний судалгааг хийдэг. 2023 онд хийсэн зургаадугаар судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 15 хувьд нь л Д витамин зохистой хэмжээнд байна гэж гарсан. Үлдсэн хувьд дутагдалтай байсан.

Монгол Улс эрс тэс уур амьсгалтайн дээр хоол тэжээлээсээ хангалттай Д витамин авч чадахгүй байгаа нь нотлогдсон.

Манайх шиг хүйтэн, сэрүүн уур амьсгалтай дэлхийн олон улсад сүүг Д витаминаар баяжуулж өгдөг. Д витамин нь сүүнд буй кальцийг биед шимэгдэхэд тусалдаг. Сурагчдын эрүүл мэндийн суурь үзүүлэлтийг үнэлээд тус хөтөлбөр тодорхой хугацаанд хэрэгжсэний дараа ямар үр дүнд хүрч байгаа талаарх судалгааг хийнэ” гэлээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here