Ерөнхий сайд Г.Занданшатар МҮОНРТ дээр “Ерөнхий сайдаас асууя” шууд ярилцлага, хэлэлцүүлэгт орсон. Гурван цагийн турш үргэлжилсэн тус ярилцлагад 300 гаруй иргэн асуултаа илгээж, Emongolia цахимд 10.000 санал ирүүлсэн байна. Мөн орон нутгийн 12 аймаг, гадаадын 5 улс орноос иргэд Ерөнхий сайд Г.Занданшатараас асуулт асуужээ.
Энэ ярилцагын үеэр Ерөнхий сайдын хэлсэн онцлох үгнүүдээс хүргэе.

- 320 гаруй холбогдогчтой 58 авлига, албан тушаалын хэрэг шалгагдаж байна. Нийт 98 тэрбум төгрөгийн хууль бус хөрөнгө хурааж, 580 тэрбумын хөрөнгийг битүүмжлээд байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль болон Авлигын эсрэг хуулиудад өөрчлөлт оруулна.
-
581 нүүрсний нууц гэрээг ил болгосон. Асар олон зөрчилтэй байж болзошгүй гэрээнүүдийг ил болгож, олон нийтийн хяналтад оруулж байна. Годмол мэдээлэл хүлээж авах тусгай суваг ажиллуулж байна. Энэ хүрээнд гааль, татвар, эрчим хүчний салбар дахь өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэргүүд шалгагдаж байна.
- Мөнгө байдаг бол тэтгэврийг нэмээд байх шиг сайхан зүйл алга. Даанч бодит үнэнийг хэлэх ёстой! Хэрэв доод тэтгэврийг 1,5 сая болгоно гэвэл төсвөөс 4,5 их наяд хэрэг болно.
- Шинээр бий болж буй хотуудад иргэддээ 0,07 га газрыг нь өмчлүүлнэ6.
- 2026-2030 онд тэтгэврийг 70 хувь нэмэгдүүлж, ядуурлыг 2 дахин бууруулна.
- Төрийн албан хаагчдыг 9 хувиар цомхотгох шийдвэр гаргасан. Төрийн албаны 1000 гаруй албан тушаалтныг ажлаас нь чөлөөлсөн.
- 1072 хувьцаатай 121 мянган иргэний 66 тэрбум төгрөгийн хувьцаа өвлүүлэх асуудал бий. Эрдэнэставантолой ХК дахь олон нийтийн хяналтыг сайжруулна.
- ЖДҮ эрхлэгчдэд олгох зээлийн хүртээмжийг нэмнэ. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ажлын байр бий болгосон хэнийг ч хөнгөлөлттэй зээл олгож, татварын таатай орчин бий болгож дэмжих ёстой.
- Утаанаас салахын тулд газжуулах, цахилгаанжуулах, урт хугацаандаа орон сууцжуулах байдлаар агаарын бохирдлыг шийднэ. Хамгийн том бодлого нь шинэ том хотууд бий болгож, иргэддээ 0,07 га газрыг нь өмчлүүлнэ.
- Энэ онд 2,6 их наяд төгрөгөөр Эрүүл мэндийн даатгалын санг санхүүжүүлнэ. Архи уусан хүнийг эрүүлжүүлэхийн тулд 27 сая төгрөг гаргасан байна. Хувь хүний хариуцлагатай холбоотой асуудалд бус нийгмийн эрүүл мэндэд зарцуулагдах ёстой.
- Мөнгө хүүлэлтийн эсрэг хуулийг өргөн барьж, ББСБ-уудын зээлийн хүүг бууруулна.
- Татварын өртэй 15 мянган аж ахуй нэгжийн дансыг хаасан байсан. Одоогоор 7000 аж ахуй нэгжийн дансийг нээсэн. Татварын алба данс хаалгүй зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх шинэ соёл руу шилжинэ.
-
Суралцахуйн хувьсгал хийнэ! Заахуйгаас суралцахуй руу чиглэсэн хувьсал хийнэ. Багш нарын ачаалал багасч, бичиг цаасны ажлыг хиймэл оюун ухаанаар шийдэж, хиймэл оюун ухаан багшийн туслагч болно.
-
Гадны орнуудаас эрдэмтэн, доктор, профессоруудаа эргүүлэн авчрах болно.
Албан бус мэдээллээр 250 орчим мянган гадны орнуудад ажиллаж, амьдардаг гэсэн тоо бий. Улс эх орондоо хэрэгтэй, авьяаслаг, ур чадвартай, мэдлэг боловсролтой иргэдээ буцааж авчрахдаа таатай орчин нөхцөл бүрдүүлэх зорилгоор орон сууцжуулах, нийгмийн талаас нь дэмжих гэх мэтээр ГХЯ-наас бодлого хэрэгжүүлнэ.

















