COVID-19 халдвараас үүдэлтэй цар тахал дэлхий дахинд тархаж, улс орнууд олон хүнд сорилттой тулгараад байна. Эдгээр тулгамдаж буй асуудлын нэг нь сонгууль явуулах эсэх асуудал юм. Ардчилал, сонгуулийг дэмжих олон улсын хүрээлэнгийн тооцоогоор 2020 онд дэлхийн дахинд 70 гаруй сонгууль болохоор төлөвлөж байсны дийлэнх нь цар тахалын дэгдэлтийн улмаас тодорхойгүй байдалтай байна.
Цар тахлын үеэр сонгууль явуулах боломжтойг баталсан хамгийн ойрын жишээ бол хэдхэн долоо хоногийн өмнө болсон БНСУ-ын Парламентын сонгууль юм. Тус улс сонгуулиа амжилттай явуулахын зэрэгцээ сонгогчдын ирц сүүлийн 28 жил байгаагүй өндөр байсан нь олон улсын анхаарлыг татсан.
Онцгой нөхцөлд сонгууль явуулах тодорхой зөвлөмжийг Ардчилал, сонгуулийг дэмжих олон улсын хүрээлэн, Сонгуулийн тогтолцооны олон улсын сан (International Foundation for Electoral Systems) зэрэг байгууллагаас тогтмол гаргаж байгаа ажээ.
Тухайлбал, [Tweet “ХБНГУ-ын Бавари муж энэ оны 3 дугаар сарын 29-нд болсон орон нутгийн сонгуулийн хоёрдугаар шатанд нийт сонгогч нь саналаа шуудангаар өгчээ.”] Түүнчлэн Шинэ Зеланд Улс 2020 оны 9 дүгээр сарын 19-нд болох Парламентын сонгуульд өөрийн биеэр очиж санал өгч чадахгүй иргэдэд шуудангаар, цахимаар эсвэл утсаар санал өгөх боломжийг нээж өгчээ.
Харин манай улсын хувьд 6 дугаар сарын 24 болох УИХ-ын сонгуулийг хойшлуулахгүй гэдгээ нэгэнт мэдэгдээд буй. Чухамхүү цар тахлын үед хэрхэн халдваргүйжилт, хамгаалалтаа сахихыг СЕХ тун удахгүй мэдээлнэ.