Манай улс олон улстай цахим гэрээ хэлэлцээр, худалдаа арилжаа хийх боломж бүрдэнэ

1064

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо/АБГББХ/ өчигдөр (2020.05.14) үдээс хойш хуралдаж, Засгийн газраас өргөн барьсан Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай НҮБ-ын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээ. 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2005 онд 60/21 дүгээр тогтоолоор баталсан Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай конвенц нь дэлхий нийтийн худалдаа, хамтын ажиллагааны цахим орчны эрх зүйн үндсийг бүрдүүлэх, худалдааг хөнгөвчлөх, оролцогч талуудын шууд болон шууд бус зардлыг бууруулах, хил дамнасан цахим харилцаа, экспорт, импорт, олон улсын худалдааг дэмжихэд чиглэсэн эрх зүйн бичиг баримт юм.

Өнөөгийн байдлаар уг конвенцыг соёрхон батлах, нэгдэн орох, гарын үсэг зурах байдлаар нийт 24 улс хүлээн зөвшөөрөөд байгаагийн дотор манай олон талт хамтын ажиллагаатай улс орнууд болох ОХУ, БНХАУ, БНСУ багтаж байгаа бөгөөд 10 орчим улс нэгдэн орохоор ажиллаж байгаа аж.

Монгол Улс энэхүү конвенцыг соёрхон баталснаар дээр дурдсан цахим харилцааны давуу талыг манай улсад олгохоос гадна цахим болон цаасан суурьтай мэдээллийн хэрэгслийн эрх зүйн ижил тэнцүү чадамжтай байдал, цахим гарын үсэг болон ердийн гарын үсгийн ижил тэнцүү нөхцөлийг тогтоох, цахим харилцааны баримт бичгийг илгээх, хүлээн авах, хадгалах, автоматжуулсан мэдээллийн системийг ашиглах нөхцөл боломж бүрдэх юм байна.

Манай улс уг конвенцод нэгдсэнээр гишүүнчлэлийн татвар төлөхгүй, санхүүгийн ямар нэг үүрэг хүлээхгүй, конвенцыг төлөөлөх байгууллагыг дотооддоо байгуулах, түүнчлэн хэрэгжилтийн талаарх ямар нэг тайлан, илтгэл гаргах шаардлага тавигдахгүй юм байна.

Мөн уг конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн байна. 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here