УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг өглөөний 09:20 цагт суллав
Нүүрсний гэх хэрэгт холбогдуулан шалгагдаж, улмаар үндэслэлгүй хөрөнгөжсөн, гэмт бүлэглэл зохион байгуулсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан, хахууль авсан гэх мэт хэд хэдэн зүйл ангиар ял шийтгэгдсэн УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан өнөө өглөө /2026.02.28/ Цагдан хорих 409-р ангиас суллагдлаа.

Түүнийг өглөөний 09:20 цагт сулласан бөгөөд Record.mn-ийн сурвалжлах баг түүнийг суллагдах үед хорих ангийн гадна байж, мэдээлэл авахыг оролдсон ч харамсалтай нь өөрийн биеэр алхаж гарч ирээгүй юм.
Хэргийг сануулахад, өнгөрсөн 2022 онд 44 их наядын нүүрсний хулгай гэх асуудал сөхөгдөж, улмаар 17 албан тушаалтныг тус хэрэгт холбоотой хэмээн АТГ-аас зарлаж байв. Уг нэрс дунд УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы нэр байгаагүй ч УЕПГ-аас түүнийг "нүүрсний" гэх дээрх хэрэгт яллагдагчаар татан, улмаар УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх санал оруулж ирсэн байдаг. Шүүх хуралдаан үргэлжилж явсаар УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох шүүх хурал 2024 оны 01-р сард 15 хоногийн турш үргэлжилж, шийдвэрээ гаргаж байв.
Ингэхдээ шүүхээс Т.Аюурсайханд 2.6 жилийн ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасаж, түүний 1.8 тэрбум төгрөгийг хурааж, 11 сая төгрөгийн торгууль ногдуулж шийтгэсэн юм.
Харин өнөөдөр түүний 2,6 жилийн хорих ялын хугацаа дуусаж, ийнхүү суллагдлаа. Түүний хувьд хорих ангид ял эдэлж байхдаа номын санчаар ажиллаж байжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.