Чингэлтэйн чиглэлийн нийтийн тээврийг шинэчлэхэд зориулж 2 сая доллар өглөө

1090

Улаанбаатар хотын гэр хорооллын бүсийн Чингэлтэйн чиглэлийн тээврийн үйлчилгээний хүртээмж, аюулгүй байдал болон чанарыг сайжруулах зорилгоор 2 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк гарын үсэг зурлаа.

Энэхүү төсөл нь нийтийн тээврийн үйлчилгээний аюулгүй байдал, чанар хүртээмжийг сайжруулж, авто замын аюулгүй байдлыг дээшлүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах юм.

Төслийн хүрээнд Чингэлтэйн чиглэлийн нийтийн тээврийн байгууламж, үйлчилгээний хүртээмж, засвар үйлчилгээг сайжруулах, зам дагуух явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах байгууламжуудыг сайжруулах, олон нийтийн дадал, зан төлвийн өөрчлөлтийг бий болгох, оролцоог нэмэгдүүлэх зэрэг ажлууд хийгдэнэ. 

Чингэлтэй чиглэлд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ихээр оршин суудаг, замын нугачаа их, хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал түгээмэл бөгөөд үүнд хүүхдүүд ихээр өртдөг төдийгүй нийтийн тээврийн ачаалал ч өндөр байдаг учраас сонгон авчээ. 

Тухайлбал, автобусны зогсоолуудад суудал, дээвэр байдаггүй, явган хүний зам дутмаг, автобусны буудал дээр хувийн автомашин, такси олноор зогсож хөдөлгөөнд саад учруулан түгжрэл үүсгэх гэх мэт хүндрэл бэрхшээл түгээмэл байдаг. Оршин суугчдын хэлснээр явган хүний замгүй, замын гэрэлтүүлэг хангалтгүйгээс явган зорчигчдын аюулгүй байдал бүрэн хангагддаггүй. Үүний улмаас тус байршилд 2018 онд нийт 80 удаагийн зам тээврийн осол бүртгэгдсэн бөгөөд үүнээс 12 осолд явган зорчигч өртсөн байна.

Гэр хорооллын бүсийн хоёр хорооны нийт 12,104 эмэгтэй, 11,540 эрэгтэй оршин суугчид төслийн үр шимийг хүртэх бөгөөд тэдгээрийн 7,336 нь хүүхэд, 454 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

Энэхүү төслийг Ядуурлыг бууруулах Японы сан санхүүжүүлж байгаа бөгөөд тус сангаас Монгол Улсад сүүлийн 20 жилийн хугацаанд ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here