#Рекорд_сурвалжилга: Туулын хурдны зам төслийн хууль зөрсөн үйлдлүүд…

1км тутам нь 70 тэрбум төгрөгөөр баригдах, нийт 2,3 их наядын төсөвт өртөгтэй Туулын хурдны замын асуудал нийгмийн маргааны сэдэв болж байна. Тэгвэл анхнаасаа маш олон хуулийн зөрчилтэй энэ төслийн талаарх баримтуудыг танилцуулъя.

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ ХЭЗЭЭНЭЭС ЯРИГДАЖ ЭХЭЛСЭН БЭ?

Туулын хурдны зам төсөл бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 14 мега төслийн нэг юм. 

Тэрээр энэхүү төслийг хэрэгжүүлэхийн тулд Нийслэлийн засаг даргаар Х.Нямбаатарыг томилж, нийслэлийн төсвийг нэмсэн гэдгээ онцолж байв. 

Туулын хурдны зам баригдах хамгийн чухал шалтгаан бол ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ. Гэвч түгжрэлийг яг хэдэн хувь бууруулах вэ гэдэг нь маш бүрхэг.  

Учир нь төсөл хэрэгжүүлэх гэж байгаа дарга, эрх мэдэлтнүүдийн түгжрэл бууруулах тооцоолол хоорондоо зөрүүтэй.

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ-50 хувь,

Хотын дарга Нямбаатар -30 хувь,

НЗДТГ-ын албан ёсны Улаанбаатар мэдээ сайт-15 хувь бууруулна гэж ярьдаг.

Эндээс дүгнэж үзвэл Туулын хурдны зам баригдсанаар ямар хэмжээгээр түгжрэл буурах вэ гэдэг судалгаа, тооцоолол хийсэн нь ихээхэн эргэлзээтэй гэсэн үг. 

Үүн дээр нэмээд төсөл анхнаасаа маш олон хуулийн зөрчилтэй байх юм.

    ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТЕНДЕРТ ШАЛГАСАН КОМПАНИ НЬ HYWAY CHINA LIMITED НЭРТЭЙ КОМПАНИ УУ ЭСВЭЛ HAOYUAN INDUSTRIAL/ХАОЮАНЬ ЖЕНЕРАЛ КОНСТРАКШН/ ГЭДЭГ КОМПАНИ УУ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙГҮЙ

НАЗХГ-ын дарга д.Одбаярын хэлж буйгаар Hyway China Limited гэдэг компани шалгарсан боловч монгол руу галиглахдаа хятадын HUAWEI гэдэг утасны компанитай адилхан болох гээд буайсан учраас Хаоюань женерал гэж галигласан гэнэ. Гэвч хятадын Haoyuan intustrial гээд тусдаа хятадын компани ч бий. 

Тендертэй холлбоотой материалууд дунд дээрх  компаниудын аль алиных нь нэр бий. Чухам яг аль шалгарсан нь бүрхэг. 

2.    БАЙГАЛЬ ОРЧНЫ ДҮГНЭЛТ, ҮНЭЛГЭЭГ ХУУЛЬ БУСААР ХИЙВ

Алив төслийг хэрэгжүүлэхдээ байгаль орчны төвөл байдлын үнэлгээ, байгаль орчны ерөнхий үнэлгээ, нарийвчилсан үнэлгээ судалгаа хийж гүйцэтгэх ёстой.

Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийсэн гэх Мон газар экологи гэх компани нь Усны зөвлөх инженер Г.Мөнх-Эрдэм, Ойн инженер Д.Мөнхзориг нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна гэдгийг тухайн судлаачид илчилж гаргав.

Харин Мон газар Экологи гэх компани нь эцсийн дүгнэлт дээр дээрх 2 судлаачийг оролцуулаагүй хэмээн мэдэгдэж, дүгнэлтийн нүүр хуудсыг харуулсан ч тухайн инженерүүд эцсийн ч байна уу, урьдчилсан ч байна уу ямар ч судалгаанд оролцоогүй байхад гарын үсгийг нь хуурамчаар ашигласныг батлан ярьсан юм. 

Хэрэв хүний гарын үсэг зөвшөөрөлгүй ашигласан бол эрүүгийн ноцтой гэмт хэрэг үйлдсэн гэсэн үг.

3.    УРЬДЧИЛГАА 500 000 000 000 ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛЭХДЭЭ Ч ХУУЛЬ ЗӨРЧСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Туулын хурдны зам төслийн урьдчилгаа 500 тэрбум төгрөгийн баталгааг хятадын Jianbang Engineering Performance Guarantee (Shandong) Co., Ltd. буюу хятадаар: “建邦工程履约担保(山东)有限公司” гарган, тус компани руу 2025.08.14-нд шилжүүлжээ.

Гэвч тус компани нь (2021) энгийн худалдааны чиглэлтэй, жижиг хэмжээний компани байсан. Харин 2024 оны 6-р сард нэг дор:

- Нэрээ сольж

- Үйл ажиллагаагаа бүрэн өөрчилж (батлан даалт руу)

- Хувьцаа эзэмшигч, удирдлагаа сольж

- Капитал буюу дүрмийн сангаа 66 мянган юаниас 1.7 тэрбум юань болгож “өсгөжээ.

Өөрөөр хэлбэл, зөвхөн Туулын хурдын зам төсөлд зориулж ийнхүү будлиантай, хууль бус арга хэрэглэн дүрмийн сангаа өөрчилж, нэрээ солиод урьдчилгаа шилжүүлж авсны дараа буюу  2025 оны 11-р сард нь буцаагаад дүрмийн сангаа 1.7 тэрбум юаниас 3 сая юань болгож 99 хувиар бууруулсан байна!

 

4.   БАЙГАЛЬ ОРЧНЫ ЕРӨНХИЙ БОЛОН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭГ ЭЦЭСЛЭН БАТЛУУЛААГҮЙ

Дараагийн том зөрчил бол Байгаль орчны Ерөнхий болон Нарийвчилсан үнэлгээгүйгээр ажлаа эхлүүлж том толгойлсон болж таарч байна.

Уг нь бол хуулиндаа ажлаа эхлэхээс өмнө Байгль орчны Ерөнхий болон Нарийвчилсан үнэлгээгээ, менежменттийн төлөвлөгөөг батлуулсан байх ёстой. Гэвч энэ ажил байгаль орчны ямар ч үнэлгүйгүй шууд эхэлжээ. 

Хэрэв үнэлгээ батлуулсан бол Улаанбаатар хотын 1,5 сая иргэнд сонсгол, хэлэлцүүлэг хийх, танилцуулах, эрсдэлийн судалгаа авах,зөвшөөрөл авах, тухайн бүс нутгийн байгаль орчны хор, хохирлыг судалж, тогтоогоод нийтэд тайлагнах, үнэлгээний материалдаа энэ бүхнээ хавсаргаад эцсийн байдлаар мэргэжлийн байгууллагуудаар батлуулах ёстой.

Мөн дээрээс нь Туул голын сав газар, Богд Уулын дархан цаазат газар, Ойн газар гэх мэт байгаль орчныг хамгааах чиг үүрэг бүхий газруудаас холбогдох зөвшөөрлүүдийг авах ёстой атал тухайн газруудад эцсийн байдлаар зураг төслөө өгөөгүй, мэдээллээ танилцуулаагүй шахам байж хуул зөрчин ажлаа эхлүүлсэн байдаг. 

5.   УРТ НЭРТЭЙ ХУУЛИЙГ ЗӨРЧИН ТУУЛ ГОЛЫН ГОЛДИРОЛ ДОТОР ЗАМ БАРИНА!

Хамгийн ноцтой нь манай улсад Урт нэртэй хууль гэж нэрлэгддэг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулинд зааснаар голын энгийн хамгаалалтын бүс 200 м, Онцгой хамгаалалтын бүс 50 дотор ямар ч үйл ажиллагаа явуулахыг заасан байдаг.

Гэвч энэхүү замаа барихдаа 50 метр битгийхэл шууд гол дотор нь тэгэхдээ бүр 11км үргэлжлэх урт зам дагуу Туул голын 64 га бургас, улиасыг хядаж,  Туул голыг өөрчлөхөөр зураг төсөлд нь тусгагджээ!

САЯ ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ, ЭЦЭГ ӨВГӨДИЙН ЯЗГУУРЫН НУТАГ УСАА СҮЙТГЭВЭЛ ДАХИАД СЭРГЭХ ҮҮ?

Сая жилийн түүхтэй, эзэн богд Чингис хаанаас “бусдыг бүү нутаглуул” хэмээн дархан байхыг зарлигдсан энэ гол ус дотор зам барилаа гэхэд эко систем нь тэр чигтээ өөрчлөгдөх, дахиж хэзээ ч хуучин хэвэндээ орохгүй байх нөхцөл бүрднэ гэдгийг эрдэмтэн, судлаачид онцолж байна. 

Үнэн хэрэгтээ судалгаа, тооцоогүй, түгжрэл буурах эсэх нь эргэлзээтэй, байгаль орчноо сүйтгэсэн энэхүү төслийг ийнхүү яаран сандран, монгол улсын хуулийг уландаа гишгин зүтгүүлж байгаагийн цаана цөөн хэдэн хүмүүсийн асар том эрх ашиг, мөнгө угаалт байна гэж иргэд, олон нийт, судлаач, мэргэжилтнүүд ч хардаж байна.

Тиймдээ иргэд, олон нийт Туул голоо аврах санаачилга гарган 8 дахь өдрөө жагсаж байна. Хэрэв Монгол Улс хуультай, засаглалтай, түүнийг мөрдүүлдэг юм бол УИХ, ЗГ, Монгол Улсын Ерөнхийлөгч энэ төсөлд анхаарал хандуулж, олон эргэлзээтэй асуудлыг шалгаж, яаралтай арга хэмжээ авахыг шаардаж байна...

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.