П.Батчимэг: Туул голоо хамгаалж буй өндөр боловсролтой залуусыг доромжилж болохгүй
УИХ-ын гишүүн П.Батчимэг Туул голыг хамгаалах хөдөлгөөний талаар дараах байр суурийг илэрхийллээ.
“Туул голоо аваръя гээд явж байгаа залуучууд чинь нийслэл хот, Монгол Улсынхаа ирээдүйн төлөө санаа зовж байгаа, гадаад дотоодын өндөр хөгжилтэй оронд боловсрол эзэмшсэн, мэргэжлийн хүмүүс байна. Гэтэл энэ залуусыг доромжилж, буруутгаж байгаа нь буруу” хэмээн онцлов.
“Өчигдөр харахад холбогдох албан тушаалтнууд газар дээр нь очоод бохирын асуудал ярьж, нөхцөл байдалтай танилцаж байна лээ. Гэхдээ энэ асуудлыг өмнө нь мэдэж байсан атлаа яагаад өнөөдрийг хүртэл шийдвэр гаргахгүй явсан юм бэ? гэдэг асуулт гарч ирж байна. Жагсагчид гарч ирсний дараа л идэвхжиж байгаа нь зохистой биш”.
Жагсагчдыг улс төржсөн, худал жагсаал хийж байна гэх байдлаар ярьж буй нь маш буруу юм. “Хэрвээ маргааш 10, 20 мянган иргэн гарч ирээд жагсвал яах вэ? Иргэдийн дуу хоолойг ингэж үгүйсгэж болохгүй”.
Түүнчлэн “Сүүлийн үед нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдийг үл тоомсорлох, эвгүй байдалд оруулах, бүр техник хэрэгсэлд нь халдах тохиолдол гарч байна. Ингэж ажил явахгүй”.
Туул гол дагуух бүтээн байгуулалтын талаар “Одоо яригдаж байгаа энэ хурдны замын төсөл бол манай улсад тохирохгүй. 70-80-аад оны гадаадын жишгийг хуулбарласан шийдэл.
Өнөөдөр тэр улс орнууд чинь ийм төрлийн байгууламжаа буулгаж байна. Би олон орноор явж үзсэн, гол дагуу ийм зам, байгууламж тавьсан жишээ бараг байхгүй.Энэ бол байршил, цаг үеэ олоогүй, муу хөрөнгө оруулалт.
“500 тэрбум төгрөгийн төсөв гарсан, бүтээн байгуулалт эхэлсэн гэж хэнэг ч үгүй ярьж байна. Гэхдээ ийм алдаатай төслийг зогсоох ёстой”.
Хан-Уул дүүрэгт өрнөж байгаа энэ ‘Туул голоо аваръя’ хөдөлгөөнийг би дэмжиж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.