Ж.Баярмаа: Жагсагчдыг “жүжигчид” гэж нэрлэсэн Т.Даваадалай уучлалт гуйх ёстой
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Туул гол дагуух бүтээн байгуулалтын төсөлтэй холбоотойгоор гарч буй асуудлуудын талаар байр сууриа илэрхийлж, анхаарал татсан хэд хэдэн асуудлыг хөндлөө.
Анхаарал татахуйц, санаа зовоосон хэд хэдэн асуудал гарч байна.
Нэгдүгээрт, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ 2026 оны гуравдугаар сарын 19-20-ны орчимд албажсан гэх мэдээлэл байна. Гэтэл үүнээс өмнө уг төслийн ажил эхэлж, 500 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдэгдсэн байгаа нь ойлгомжгүй байна.
Байгаль орчин, ус, экологийн асуудал хамгийн түрүүнд үнэлэгдэж, дүгнэлт нь гарсан байх ёстой атал эсрэг дараалал ажиглагдаж байна. Түүнчлэн Туул гол дагуу барихаар төлөвлөж буй гүүр, байгууламжийн усны дүгнэлт одоог хүртэл бүрэн гараагүй талаар холбогдох албаныхан тайлбарлаж байгаа. Тухайлбал, “метрологи, хэмжилтийн асуудлаас шалтгаалан дүгнэлт гаргахад хүндрэлтэй” гэх тайлбар өгч байгаа ч баримт бичиг саяхан албажсан нь мөн эргэлзээ дагуулж байна.
Хоёрдугаарт, байгаль орчны үнэлгээтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг хуурамчаар зурсан байж болзошгүй асуудал яригдаж байна. Тухайлбал, зөвлөх инженер Б.Мөнх-Эрдэм, ой судлаач А.Мөнхзориг нар хэвлэлд өгсөн мэдээлэлдээ уг баримтад гарын үсэг зураагүй гэж мэдэгдсэн. Энэ нь баримт бичгийн үнэн зөв байдалд ноцтой асуулт үүсгэж байна.
Гуравдугаарт, төслийн үр нөлөө, ялангуяа түгжрэлийг бууруулах талаар өгч буй тоон мэдээллүүд зөрүүтэй байна. Өмнө нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ түгжрэлийг 50 хувь бууруулна гэж мэдэгдэж байсан бол 2025 оны нэгдүгээр сард нийслэлийн удирдлага 15 хувь гэж танилцуулсан. Харин сүүлийн үед 30 хувь гэсэн тоо яригдаж байгаа нь нэгдсэн, нарийвчилсан тооцоо дутмаг байгааг харуулж байна.
Мөн уг төсөл бодит байдал дээр нийслэлийн түгжрэлийг бууруулах эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Баруун, зүүн чиглэлд зорчих тээврийн урсгалыг зохицуулах нэрийдлээр хэрэгжиж буй ч нийслэлийн төвлөрсөн хөдөлгөөний асуудалд бодит нөлөө үзүүлэх эсэх тодорхойгүй байна.
Дөрөвдүгээрт, төслийн эдийн засгийн үр өгөөжийн талаар ч тодорхой бус байдал ажиглагдаж байна. Тухайлбал, өдөрт 85 мянган автомашинаас 5000 төгрөгийн хураамж авч, нийслэлийн орлогыг нэмэгдүүлнэ гэх мэдээлэл байгаа ч энэ нь бодит тооцоолол, судалгаанд хэрхэн тулгуурласан нь тодорхойгүй байна.
Эцэст нь, иргэдийн оролцоо, байр суурийг үл хүндэтгэсэн, доромжилсон өнгө аястай мэдэгдэл гарч байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал, жагсаалд оролцсон иргэдийг “жүжигчид” хэмээн тодорхойлсон нь зохисгүй бөгөөд үүнд холбогдох албан тушаалтан, тухайлбал нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай тайлбар өгч, уучлалт хүсэх шаардлагатай гэж үзэж байна.
Иргэний нийгэм бол ардчилсан улсын чухал тулгуур хүч бөгөөд тэдний дуу хоолойг хүндэтгэх нь зүйтэй юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.