С.Гончигсумлаа: Зам барих нь түгжрэлийг бууруулахгүй, харин нэмэгдүүлдэг
Судлаач С.Гончигсумлаа Туул гол дагуух хурдны замын төслийн талаар байр сууриа илэрхийлэхдээ олон улсын судалгаа, өөрийн туршлагад тулгуурлан дараах асуудлуудыг хөндлөө.
“Зам тавих тусам түгжрэл буурдаггүй, харин ч нэмэгддэг гэсэн олон улсын судалгаа бий. Та бүхэн ийм судалгааг уншиж байсан уу, эсвэл бид дэлхийн чиг хандлагын эсрэг яваад байна уу?”.
Би Австрали улсад 10 жил амьдарч, Advanced Diploma in Civil Construction чиглэлээр суралцан, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Мөн сүүлийн долоон жил Австралийн метро, хөнгөн галт тэрэгний төслүүд дээр ажиллаж байна. “Зам барих нь түгжрэлийг бууруулах эсэх талаар дэлхийн олон судалгаа бий. Тухайлбал, Торонто (University of Toronto)-гийн судлаачдын гаргасан дүгнэлтэд замын багтаамж нэмэгдэхийн хэрээр тээврийн хэрэгслийн урсгал дагаад өсдөг, өөрөөр хэлбэл түгжрэл дахин үүсдэг гэж үзсэн байдаг” .
Мөн “Саяхан Австралид түгжрэлийн эсрэг олон улсын хурал (conference) болсон. Тэнд оролцсон улс орнуудын эрдэмтэд зам барих нь түгжрэлийг шийдэх арга биш гэдэг дээр санал нэгдсэн. Гэтэл Монгол Улс яагаад эсрэг чиглэлд явж байна вэ?”
“Сидней хот метроны төсөлд 26 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Энэ нь зөвхөн дэд бүтэц биш, эдийн засгаа дэмжих зорилготой шийдвэр байсан. Харин бид 2.4 тэрбум ам.доллараар хурдны зам барихаар ярьж байна. Энэ төслийг хэн хэрэгжүүлэх вэ? Монгол компаниуд, залуус ямар оролцоотой байх вэ гэдэг тодорхойгүй байна.
Би 2015 онд “Эрүүл хот” үндэсний хөтөлбөрийг батлуулж байсан.“Улаанбаатар хот дуу чимээний бохирдол өндөртэй. Туул гол дагуух бүс бол хамгийн өндөр үнэлгээтэй орон сууцны бүс. Хэрэв хурдны зам баривал энэ бүсийн иргэд дуу чимээний бохирдолд илүү өртөх эрсдэлтэй”.
“Австралид 2000 онд Water Management Act батлагдсан. Энэ хуулиар замаас үүсэх бохир усыг шууд байгальд нийлүүлэхийг хориглож, тусгай цэвэршүүлэх систем (water tank) ашигладаг.
Харин Туул гол дагуух төслийн хувьд автомашинаас ялгарах хорт бодисыг хэрхэн цэвэршүүлж, голд нийлүүлэх нь тодорхойгүй байна”. Эцэст нь “Ийм үр ашиг багатай төслийн оронд нийтийн тээврийн шийдэл, тухайлбал light rail transit (LRT)-ийг хөгжүүлэх нь илүү оновчтой.
Энэ нь өртгийн хувьд ч бага, түгжрэлийг бодитоор бууруулах боломжтой”.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.