Г.Мөнх-Эрдэнэ: Хоёрхон нүүр нийгмийн үнэлгээтэй 2.3 их наядын төсөл үү?
Туул гол дагуух бүтээн байгуулалтын төсөлтэй холбоотойгоор байгаль орчны үнэлгээ, судалгааны чанар, ил тод байдалд эргэлзээ үүсэж буй талаар судлаачид байр сууриа илэрхийлж байна. Оксфордын их сургуульд хүрээлэн буй орчны чиглэлээр докторын зэрэг хамгаалж буй, МУИС-д багш, Оксфордын их сургуулийн докторант Г.Мөнх-Эрдэнэ дараах байр суурийг илэрхийллээ.
Миний өмнө Оксфордын их сургуульд хоёр монгол хүн суралцаж байсан, би гурав дахь нь болж байна. Үүнийг онцолж хэлж байгаа нь жагсагчдыг ажилгүй, жүжигчид гэж тодорхойлж байгаатай холбоотой. Бид мэргэжлийн хүмүүс, судалгаанд тулгуурлаж байр сууриа илэрхийлж байна.
Өнөө өглөө холбогдох албан тушаалтантай уулзаж, байгаль орчны үнэлгээг танилцуулахыг хүссэн. Үзэхэд миний мэргэжилтэй холбоотой хоёр чухал үнэлгээ маш хангалтгүй санагдсан. “Ийм хэмжээний том төсөл дээр нийгмийн нөлөөллийн үнэлгээ ердөө хоёрхон нүүр байна. Мөн соёлын өвийн судалгаа тавхан мөрөөр хязгаарлагдсан байна. Яагаад ийм дутуу, товч байдлаар хийсэн юм бэ? Эдгээр судалгааг илүү дэлгэрүүлж, чанартай хийх шаардлагатай. Төсвөөсөө энэ чиглэлд илүү хөрөнгө гаргах хэрэгтэй.
Голын бүсэд химийн бодис ашиглахыг хориглосон хууль, зохицуулалт байдаг гэж ойлгож байна. Гэтэл өнгөрсөн бямба гарагт газар дээр нь очиход тодорхойгүй нэгэн бодис ашиглаж байсан. Үүнд холбогдох зөвшөөрөл авсан эсэх нь тодорхойгүй байна.
Иймд дээрх асуудлуудтай холбоотойгоор холбогдох байгууллагуудаас тодорхой, ил тод хариулт өгөхийг хүсэж байгаагаа илэрхийллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.