АН-ын дотоод сонгуулийн маргаан Дээд шүүхэд хүрлээ

АН-ын дотоод сонгуулийн маргаан Дээд шүүхэд хүрлээ

Ардчилсан намын зарим гишүүд Баянзүрх дүүргийн дотоод сонгуульд зөрчил, булхай гарсан хэмээн үзэж, Улсын дээд шүүхэд албан ёсоор гомдол гаргалаа. Гомдол гаргагчдын төлөөлөл Ардчилсан намын түр хорооны зохион байгуулагч  Б.Одбаяраас тодрууллаа.

Энэ онд  Ардчилсан нам дүрмээ шинэчлэн батлуулж, дотоод сонгуулийг улс орон даяар нээлттэй, цэгцтэй уриатай зохион байгуулалттай явуулсан ч зарим дүүрэг, тэр дундаа Баянзүрх дүүрэгт ноцтой зөрчил илэрсэн. Мөн Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол зэрэг дүүргүүдээс ч адил төрлийн гомдол  ирсэн.

Намын дотоод сонгууль нь намын дүрэм төдийгүй Улс төрийн намын тухай хуультай нийцэж явагдах ёстой. Намын гишүүд бол Монгол Улсын иргэд учраас сонгох, сонгогдох эрх нь хуулиар хамгаалагдсан. Гэтэл зарим дүүрэгт энэ эрх зөрчигдсөн гэж үзэж байна. Бид өмнө нь намынхаа хяналтын зөвлөл болон холбогдох дотоод байгууллагад хандсан ч дорвитой шийдвэр гараагүй тул ийнхүү Монгол  Улсын  Дээд шүүхэд хандаж байна.

Монгол Улсын Дээд шүүх уг гомдлыг ч хүлээн авлаа. Мөн Ардчилсан намын ээлжит их хурал дөрөвдүгээр сарын 7, 8-нд товлогдсон бөгөөд үүнээс өмнө асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна. Манай намын гишүүд намын дүрэм, Улс төрийн намын тухай хууль, Үндсэн хуульд заасан иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангахыг шаардаж байгаа бөгөөд Улсын Дээд шүүхээс нааштай шийдвэр гаргана гэдэгт найдаж байна.

 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

А
АН 2 сар, 2 долоо хоног
Бүх газар дүрмийн бус болсон бүхэлд нь хүчингүй болгох хэрэгтэй