Ерөнхий сайд Н.Учрал: Бүх сайд нарыг сольж болохгүй юм билээ. Энэ долоо хоногтоо багтаж танхимаа бүрдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал: Бүх сайд нарыг сольж болохгүй юм билээ. Энэ долоо хоногтоо багтаж танхимаа бүрдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, газрын тосны бүтээгдэхүүний үнэ өссөн хүнд нөхцөлд төрийн үйл ажиллагаа тасралтгүй, шуурхай үргэлжлэх шаардлагатайг онцоллоо.

Засгийн газрын ажил хэвийн үргэлжилж байгаа бөгөөд төрийн албан хаагчид, төрийн нарийн бичгийн дарга нартай хамтран өдөр тутмын үйл ажиллагааг тасалдуулахгүй авч явж байна. Мөн салбар бүрийн гүйцэтгэл, сайд нарын ажлын үр дүнтэй танилцаж эхэлсэн бөгөөд цаашид гүйцэтгэлд тулгуурлан үнэлгээ хийж ажиллана. Өнөөдрийн байдлаар аюулгүй байдлын байнгын хороогоор агаарын хөлгийн түлшний асуудал болон гаалийн импортын татвартай холбоотой хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцлээ.

 Мөн гадаад харилцааны хүрээнд ОУ-тай байгуулах гэрээ, хэлэлцээр зэрэг чухал асуудлууд хүлээгдэж байна. Зарим салбарт ажлын чанарыг хадгалах үүднээс сайд нарыг улируулан ажиллуулах шаардлага байгаа бөгөөд, олон улсын хамтын ажиллагаа, хэрэгжиж буй ажлуудыг харгалзан сайд нарын томилгоон дээр шийдвэр гаргана.

Түүнчлэн тавдугаар сарын 1-нд төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн барих хуулийн хугацаа ойртож байна, ирэх оны төсөв, жилийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна.

 Шинэ Ерөнхий сайд томилогдсонтой холбоотойгоор өмнөх Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог эрх зүйн зохицуулалттай тул одоогоор Засгийн газрын бүрэлдэхүүн бүрэн бүрдээгүй байна. Ийм нөхцөлд үүрэг гүйцэтгэгч томилох эрх зүйн боломж хязгаарлагдмал байдаг.

Мөн төрийн байгууллагуудад 3000 орчим сул орон тоо байна. Энэ орон тооны зохицуулалт, хэмнэлтийн асуудлыг судалж эхэлсэн.

Төсвийн хөрөнгө оруулалтын хувьд тавдугаар сарын 31-нээс өмнө зарлагдаагүй тендерүүд цуцлагдах эрсдэлтэй байгааг анхааруулж, нийт 1.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтаас тодорхой хэсэг танагдах нөхцөл үүсч болзошгүй. Одоогоор 300 орчим тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэгдэж байгаа ч цаашид орлого тасалдах тохиолдолд төсөвт тодотгол хийхээс өөр аргагүй нөхцөл үүсч болзошгүй. Иймд зургадугаар сарын гүйцэтгэлийг нягтлан харж, шаардлагатай шийдвэрүүдийг үе шаттайгаар гаргана гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.