Ж.Баярмаа: Бүх төслүүд яагаад Япон, Солонгос, Европын орнуудаас шалгарахгүй яагаад заавал Хятад Улс шалгараад байгаа юм
SaveTuul хөдөлгөөний гишүүн Ж.Баярмаагын байр суурийг тодрууллаа.
Ж.Баярмаа:
Монгол хүн байгаль эх дэлхийтэйгээ хүйн холбоотой, өвөрмөц ёс заншилтай ард түмэн. Гэтэл өнөөдөр Туул голыг минь сүйтгэж, гадаадын компаниуд ямар ч зөвшөөрөлгүйгээр зам тавьж байгаад иргэн хүний хувьд маш их бухимдаж байна.
Энэ зам ашиглалтад орсноор иргэд Туул гол руугаа ч очих боломжгүй, Улаанбаатарчуудад ямар ч ач холбогдолгүй бүтээн байгуулалт болох гээд байна. Мэргэжлийн хүмүүс тал талаас нь тайлбарлаж, анхааруулсаар байхад хүч түрэн дайрч байгаа нь үнэхээр зэвүүцэм юм. Бид өнөөдрийг хүртэл татвар төлөгчдийн мөнгө юунд зарцуулагдаж байгаад төдийлөн анхаардаггүй явж иржээ. Иргэд нуруугаа бөгтөртөл хөдөлмөрлөж, авч болох бүх л татварыг төлж байна. Үл хөдлөх хөрөнгөө зарсан орлогоос хүртэл хэдэн саяар нь татвар суутгадаг.
Гэтэл бидний халааснаас гарсан энэ их мөнгө ямар төсөлд, юунд зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй, тайлан тооцоогүй байна. Үнэн хэрэгтээ бид өндөр татвар төлж, гадаадын компаниудыг л тэтгэдэг болчихлоо. Монголын үндэсний компаниуд хэзээ ч 500, 600 тэрбум төгрөгийн урьдчилгаа авч ажил гүйцэтгэж байсан түүхгүй байхад гаднынханд ингэж давуу эрх олгож байгаа нь маш сэжигтэй байна.
Яагаад манай улсад хэрэгжиж буй томоохон төслүүдэд Япон, Солонгос, Европын орнуудын компаниуд шалгардаггүй, дандаа Хятад Улсын компани сонгогддог нь анхаарал татаж байна. Бидний ундны усны эх үүсвэр болсон Туул голыг нүдэн дээр минь эрээ цээргүй сүйтгэж байхад "Намайг алсан ч энэ төслийг зогсоохгүй" гэж улайрч байгаа нь тэдний цаад ашиг сонирхлыг илчилж байна. Жинхэнэ эх орноо хайрладаг монгол хүнээс ийм үйлдэл гарахгүй.
Монголын үндэсний компаниуд хаалгаа барьж, бид зөвхөн гадаадын компаниудыг тэжээгч болж хувирлаа. Уг нь манайд Герман, Япон, Америк зэрэг өндөр хөгжилтэй орнуудад зам тавьж байсан туршлагатай, чадварлаг үндэсний компаниуд, инженерүүд олон бий. Гэтэл тэднийг сонгож ажиллуулахын оронд бүх төслийг гаднынханд өгч байгааг үнэхээр ойлгох аргагүй. Иймд иргэн бүр өөрсдийн хэмжээнд дуу хоолойгоо нэгтгэж шаардахгүй бол бид татварын мөнгөөрөө гадаадынхныг тэтгэдэг, эх орондоо эзэнгүй ядарсан ард түмэн болж хувирах нь ээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.