Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилга, дэмжлэгээр эрдэмтэн, судлаачдын баг “Монгол хэмээх нэрийн судалгаа” ном бүтээлээ.  

24 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэгт ШУА, Үндэсний төв архив, МУИС, МУБИС зэрэг байгууллагын 20 судлаачаас гадна МУИС-ийн проректор, Монгол судлалын холбооны захирал, доктор Д.Заяабаатар, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Ц.Цэрэндорж, Стратеги судалгааны хүрээлэнгийн албаны дарга, доктор Ц.Минжин нар редактораар, Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал зөвлөхөөр ажиллажээ.

742a831a 8a3f 481e 937b 941e241669bb 1024x683

Эрдэмтэн, судлаачдын баг баримтуудад үндэслэн Монгол Улсыг уугуул нэрд нийцүүлэн, “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.  

“Монгол хэмээх нэрийн судалгаа” номд 1700 оноос хойш олон улсад хэвлэгдсэн есөн газрын зургийг зохиогчийн эрхийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр  худалдан авч, өмнө нь олны хүртээл болоогүй архивын баримт, өрнө, дорнын хэлээрх эх сурвалжуудыг ашиглан судалгаа хийжээ.

“Монгол” гэдэг үг угсаатан, үндэстний нэр болж нангиадын түүхнээ ханз үсгээр тэмдэглэгдсэн нь нийтийн тооллын VI-VII зуунд хамаардаг. Энэ нь үүнээс өмнө монголчууд байгаагүй гэсэн үг биш бөгөөд бид төрт улсаа Хүннү, Сяньби, Жужан, Хятан гэх мэтээр нэрлэж байгаад XII зууны үеэс Монгол буюу Их Монгол Улс хэмээсэн түүхтэй.

Өнгөрсөн 800 гаруй жилийн хугацаанд монголчууд энэ нэр, дуудлагаа өөрчилж хувиргалгүй өнөөг хүрсэн.

Харин дэлхийн улс орнууд хэл, бичиг үсгийн онцлог, харь улсыг нэрлэдэг уламжлал, анх ямар хэлээр дамжиж тухайн хэлд нэвтэрсэн зэргээс шалтгаалан Монгол хэмээх нэрийг өөр өөрөөр дуудаж, бичиж иржээ.

3a1ff0d8 d470 4231 a98d de3be325d0b8 1 1024x683

“Монгол хэмээх нэрийн судалгаа” номын “Түүхэн сурвалж дахь Монгол хэмээх нэрийн судалгаа” I бүлэгт:

  • XIII-XVIII зууны худам монгол, дөрвөлжин, тод, хятад зэрэг үсгээрх монгол хэлний дурсгал, араб, перс, латин, Цагадай хэлний сурвалж,
  • Манж, төвд, хятад, япон, солонгос зэрэг дорны хэлээрх сурвалж,
  • Англи, орос, франц, герман, итали, испани, чех, турк зэрэг өрнийн хэлээрх сурвалж, судалгааг нэгтгэн дүгнэсэн байна.

“Бусад сурвалж дахь Монгол хэмээх нэрийн судалгаа” II бүлэгт:

  • Архивын баримт дахь “Монгол” хэмээх нэрийг он дарааллын дагуу сурвалжлан 1674 оны манж хэлний баримтаас эхлэн 1726 оны худам монгол бичиг, 1912 оны хятад хэл, 1914 оны орос хэлний архивын 15 баримтыг эх зургаар хавсарган, тайлбар хийжээ.
  • Мөн “Газрын зураг дахь Монгол хэмээх нэрийн судалгаа”-г МЭ-550 оны сурвалжид тэмдэглэсэн Датунь буюу Татар хэмээх нэрээс эхлэн дурдаж, 1459 оны зурагт тэмдэглэсэн Mongul хэмээх нэрээс эхлүүлэн 1794 онд “Mongolia” гэж анх тэмдэглэсэн газрын зургуудын тайлбар, хавсралтуудыг нэгтгэжээ.

85893d10 974e 4069 9ada 21758d9e826b 1024x683

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монгол үндэстний оршихуйн дархлааг бэхжүүлэх зорилгоор эх хэл, түүх, соёл, зан заншил, өв уламжлал зэргийг хойч үедээ уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах бодлого баримталж байгаа.

Энэ хүрээнд “Чингис хаан” үндэсний музей байгуулж, алтан шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг залах санаачилга гарган гүйцэлдүүлсэн.

Мөн “Монгол хэл судлал” 15 боть, “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоо”, Монголын түүхийн иж бүрэн 30 боть ном бүтээж, Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, монгол үндэстний бахархал болсон морин хуураа эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх зарлиг гарган хэрэгжүүлж байна.

ca21ddda f8eb 43d4 8e1e dad5964fe7f5 1024x6833bbcacb2 0e18 4aa4 a245 256eede2dcda 1024x683e3e19211 f147 4dd5 96e5 83c94986b7a0 1024x683

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.