НПГ: УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой мөнгө угаах, эрх мэдлээ урвуулан ашиглах гэх мэт эрүүгийн дөрвөн хэрэгт хэрэг бүртгэл нээн шалгаж байна...
УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэрэг болон цагдаагийн алба хаагч иргэнийг буудсан гэх олны анхаарал татсан хэргүүдийн талаар Нийсллэийн прокурорын газраас тодрууллаа.
Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Гансүлд:
Сэтгүүлч: Цагдаагийн алба хаагч иргэнийг буудсан гэх мэдээлэл гарч байна. Энэ хэрэг шалгагдаж байгаа юу?
-Цагдаагийн байгууллагад иргэнээс ирүүлсэн дуудлагын дагуу шалгалт явуулахад согтууруулах ундаа хэрэглэсэн дөрвөн иргэн бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, шаардлага тавьсан албан хаагчдын өөдөөс эсэргүүцэл үзүүлсэн байна.
Улмаар цагдаагийн албан хаагчийн толгойн тус газар хэд хэдэн удаа цохиж, чулуу шидэж танхайрсан тул хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй иргэний үйлдлийг таслан зогсоох зорилгоор хийн буугаар хөл рүү нь нэг удаа буудаж саатуулсан.
Цагдаагийн албан хаагч тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх асуудал нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журмаар зохицуулагддаг. Албан хаагчийн амь нас, эрүүл мэндэд аюултай аргаар халдсан, эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд тухайн үйлдлийг таслан зогсоох, өөрийгөө болон бусдыг хамгаалах зорилгоор хуульд заасан үндэслэлээр тусгай хэрэгсэл ашиглах эрхтэй байдаг.
Одоогоор уг хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгаж, прокурорын байгууллагаас хяналт тавин ажиллаж байна.
-Дунд гол руу техникийн бохирдолтой ус шавхаж байна гэх мэдээллэл бий?
-Нэр бүхий ААН Дунд гол руу техникийн бохирдолтой ус асгаж байна гэх мэдээллийн дагуу Нийслэлийн Байгаль орчны газар болон Туул голын сав газрын захиргааны улсын байцаагчид хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар нэр бүхий аж ахуйн нэгж барилгын суурийн хөрсний усыг гол руу шууд шавхаж бохирдуулсан зөрчил илэрсэн тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тогтоогоод байна.
-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой хэргийн шалгалтын ажиллагаа ямар шатандаа яваа вэ. Нийт хэдэн хэрэгт шалгалтын ажил явагдаж байгаа вэ?
-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй холбогдуулан иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Үүнд Эрүүгийн хуулийн 22.1.3 (улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), 22.12.1 (хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах), 18.6.1 (мөнгө угаах) гэсэн зүйл заалтуудаар шалгаж байна. Нийт дөрвөн хэрэгт холбогдуулан шалгаж байна.
-Түүний төрсөн ах Херо Баатартай холбоотой хэрэг шалгагда байгаа юу?
-Дээрх хэрэгтэй холбогдуулан шалгаж байна. Мөрдөн байцаалтын нууцлалтай холбоотойгоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй юм.
-УИХ-ын маш олон гишүүд, тухайлбал, Амарбаясгалан, Сайнзориг, Женко Баттулга, С.Ганбаатар гэх мэт хүмүүстэй холбоотой хэргүүдийн шалгалт юу болж байна. Шалгалтын ажиллагаа яагаад ийм удаашралтай байна вэ?
-Түүнчлэн төрийн өндөр албан тушаал хашиж байсан болон одоо хашиж буй нэр бүхий гишүүдтэй холбоотой хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгаж байна. Зарим хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийн явцын талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээлэх хязгаартай байдаг.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралтай байгаа нь хэргийн цар хүрээ, ээдрээ төвөгтэй байдал, гадаад улсаас эрх зүйн туслалцаа авах шаардлага болон шинжээчийн дүгнэлт гарах хугацаа зэргээс шууд хамаардаг.
УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн тухайд, хуульд заасан тодорхой үндэслэл буюу баривчлах, цагдан хорих, орон байранд нь нэгжлэг хийх зайлшгүй нөхцөл үүссэн тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг хөнддөг. Одоогоор шалгагдаж буй гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргах хэмжээний нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.