Их эмч Ж.Уранболор: Хавдраар оношлогдож буй гурван хүний нэгийг элэгний хавдар эзэлж байна

Өнөөдөр Хавдар Судлалын Үндэсний Төвөөс (ХСҮТ) зонхилон тохиолдох долоон төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлэх чиглэлээр нарийн мэргэжлийн эмч нар иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч байна.

Мөн хорт хавдраас хэрхэн сэргийлэх талаарх гарын авлага, зөвлөмжийг иргэдэд түгээж байгаа юм. Манай улсад оношлогдож буй нийт хорт хавдрын 60 орчим хувь нь хожуу үедээ илэрч байгаа бол ердөө 40 хувийг нь л эрт үе шатанд нь оношилж байна.

Тиймээс эрт илрүүлэгт тогтмол хамрагдах нь иргэн бүрийн эрүүл мэндийнхээ өмнө хүлээх хариуцлага юм. Монгол Улсад элэгний хорт хавдар нийт хавдрын тохиолдлын 30 орчим хувийг эзэлж байна. Энэ нь хорт хавдраар оношлогдож буй гурван хүн тутмын нэг нь элэгний хавдартай байна гэсэн үг юм. Элэгний хорт хавдар үүсэх үндсэн шалтгаан нь гепатитын В, С вирус бөгөөд манай улсын хувьд дельта вирусийн халдвар мөн өндөр хувьтай байдаг.

Вирусийн халдвартай олон жил явж, зохих эмчилгээ хийлгэхгүй байх нь элэгний үйл ажиллагааг алдагдуулж, хатуурал үүсгэн, улмаар хавдарт хүргэдэг. Урьдчилан сэргийлэхийн тулд хамгийн түрүүнд вирусийн халдвар авахаас сэргийлэх шаардлагатай. Эдгээр вирус нь цусаар болон эхээс хүүхдэд халдварладаг тул халдвар дамжих замыг таслан зогсоох нь чухал юм.

Үүнээс гадна архи, тамхины хэрэглээг хязгаарлах зэрэг амьдралын зөв хэвшлийг хэвшүүлэх нь урьдчилан сэргийлэлтийн гол үндэс болно. "Эрт илрүүлэг амь аварна" хэмээх уриаг санаж, ямар нэгэн зовуурь, шинж тэмдэг илрэхээс өмнө урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд тогтмол хамрагдахыг нийт иргэддээ уриалж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.