Ц.Гансүлд: Ч.Номин сайдтай холбоотой хэрэг шалгагдаж байгаа. Тухайн хүн мэдүүлэг өгөөгүй гэж ярих нь тэр хүний эрхийн л асуудал байх
Соёлын сайд Ч.Номинтой холбоотой, Монгол Улсыг гадаадад сурталчлах нэрээр төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан байж болзошгүй асуудлыг Авлигатай тэмцэх газарт шалгаж байна.
Өнгөрсөн оны 12 дугаар сард уг асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бөгөөд одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм. Түүнчлэн өндөр албан тушаалтнууд болон УИХ-ын зарим гишүүнтэй холбоотой хэчнээн хэрэг шалгагдаж байгаа талаарх тодорхой тоо, нэрийг одоогоор мэдээлэх боломжгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн дууссаны дараа энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох журмын дагуу олон нийтэд мэдээлэх боломжтой болох юм. Нийслэлийн прокурорын газрын хяналтад байгаа хэргүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Улсын ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харилцах албанаас авах боломжтой. Одоогоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад буй "Артикуль партнерс" болон "Эрдэнэс Оюу Толгой"-гоор дамжуулан их хэмжээний санхүүжилт олгосон гэх асуудлуудыг холбогдох байгууллагууд үргэлжлүүлэн шалгаж байна.
Сайд Ч.Номингийн зүгээс "Надаас мэдүүлэг, тайлбар аваагүй" гэх мэдээллийг өгч байгаа ч мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу тасралтгүй явагдаж байна. Тухайн иргэн өөрийн байр сууриа илэрхийлэх нь эрхийн асуудал боловч хууль хяналтын байгууллагаас шалгах ёстой бүх зүйлийг нарийвчлан нягталж байгааг албаны эх сурвалж тодотголоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.