"Зугтаарай, цаана чинь татвар..."
Сэтгүүлч Ч.Явуухүү
- Тог, тог...
- Хэн бэ?
- Засгийн газар байна.
- Ямар хэргээр явна...
- Татвар авья.
- Татвар авч яах нь уу?
- Халамж тараая.
- Халамж тарааж яах нь уу?
- Сонгуулиар дахиж сонгогдьё...
- Тэгвэл татвар төлөхгүй...
- Тэгвэл шоронд хийнэ дээ...
Зугтаарай та минь ээ. Өнөөх гайхал дээрэмчин Засгийн газар чинь бидний цусыг сорж 300'000 паразитаа тэжээхээр араа шүдээ хурцлан ирсэн байна...
Энэ бол наанаа гэмт хэрэг хийх нь ариун үйл мэтээр уншигдаж магад. Татвараас зугатах нь одоогийн хуулиар гэмт хэрэг. Гэхдээ иргэд, ААН-үүд Засгийн газар гэдэг хуульчлагдсан дээрэмчдээс амиа, ирээдүйгээ, эд хөрөнгөө хамгаалхын тулд зугатахаас өөр аргагүй байна.
Тог цахилгаантай байлгаарай гэж ТӨР-д өгсөн мөнгөөр чинь Туулын бургасыг хядаад байвал яах вэ?
Махаа зулгааж олсон цалин хөлс, ашиг орлогоос чинь Засгийн газар татвар нэрээр дээрэмдээд "Миягаа төсөл" нэртэй Мянгуужингийн үлгэрүүдэд тарааж цацаад байвал та яах вэ?
Татварын байцаагч нэртэй "булган шүүб"-тэй Засгийн газрын гар хөлүүд таны хөлсөө дуслуулж, хөлөө холготол ажиллаж олсон мөнгөөр халуун орны бүлээн далайд хөлөөн дүрхээр 20, 30-аараа зугаалаад байвал яах вэ?
20%-ийн хүүтэй зээлэнд хоолоо хасан байж, өдөр шөнөгүй зүтгэж өрөнд орон байж, өөрөөсөө харамлаад үрж чадахгүй явсан өчүүхэн орлогыг чинь татварын хэмээх хуулиар сүрдүүлж хулгайлж аваад хэн нэгэн сайд дарга өөрийн компани даа "үндэсний үйлдвэрлэл"-ээ дэмжих нэрээр хүүгүй зээлээд байвал яах вэ?
Сайд дарга нар, УИХ-ын гишүүд яагаад татварыг бууруулахгүй байна вэ гэвэл иргэд, ААН-үүд өөрсдөө ТӨР хэмээх тэдгээр хүмүүсээс "үнэгүй" боловсрол, "үнэгүй" эмнэлэг, хямд мах, гурил, халамж, мөнгө тараах, хүүгүй зээл, бага хүүтэй зээл гэх мэт "үнэгүй, хямд юм" их хүсч байна.
Хүслийг чинь төр татвараар л хангана. Хэдий их хүснэ төдий чинээ татвар төлнө. Учир нь төрд мөнгө байхгүй, төрийн мөнгө гэж байдаггүй. Төрөөс юуг ч "үнэгүй" өгдөггүй. Төрийн үнэгүй юм гэдэг чинь "Чиний нэг кармаанаас 1000 төгрөг аваад нөгөө кармаанд чинь 300 төгрөг хийхийг хэлж байгаа юм.
- 700 төгрөг үү? Тэр чинь хэн нэгэн даргын оймс, сэйфэнд эсвэл эхнэрийн лээвчигэнд үлдэнэ...
- Төрийн өмчит компаниудын мөнгө чинь төрийн мөнгө, ард түмний мөнгө биз дээ...?
- Тэр чинь ямар хүмүүс Засгийн эрхэнд байна тэдний л компани, тэдний л мөнгө шүү дээ, гэнэн хонгор минь...
Төр бол заазчин. Заазчингаас хэн ч зугтана. Амь амиа бодоцгоо. Цаана чинь төр.
12000 ААН-ийн дансыг хаасан байна. Энэ нь үнэн дээ төр иргэдийнхээ олсон мөнгийг дээрэмдэх гээд дээрэмдүүлэх мөнгөгүй болохоор нь дэвсэж, няцалсан явдал. 12 мянган ААН-ийн дансны цаана олон арван мянган хүний амьжиргаа хаагдсан гэсэн үг.
Одоо нээлээ гэж байна. Татвараа бууруулахгүй бол дахиж нээгээд яах юм бэ? Дахиад хаана. "Дахиж зодохгүй" гэж дуудаад зодох гэж байна.
150 үйлчилгээг зөвшөөрөлгүй болгоод яах юм бэ? Татварыг нь бууруулахгүй бол мянган үйлчилгээнд зөвшөөрөл өгөөд ч нэмэргүй.
Н.Учралын энэ уярал нь төсвийн алдагдалтай л холбоотой. Н.Учралын Засгийн газар Л.Оюун-Эрдэнийн данхайлгасан "данх"-н толгойтой данхар төрийн зардлыг бууруулахгүй бол, данхар төрөө танахгүй бол иргэд, ААН-үүд төрийн үрэн таран хийдэг энэ их мөнгийг татвараар төлж дийлэхгүй амь тасарсаар л байна...
Засгийн газар хэзээ ч тансаглах мөнгөө танаж байгаагүй. Тиймээс иргэд, ААН-үүд өөрсдөө татвараас зугатааж байж, Засгийн газрыг мөнгөгүй болгож байж, зардлыг нь бууруулах замаар данхар төрийг шамшийлгах ганц л арга үлдлээ.
Өөрийн хөдөлмөрлөж олсон мөнгөө төр хэмээх ёроолгүй ходоодтой мангасаас, улстөрчид, сайд, дарга нар хэмээх бидний мөнгөөр туйлдаг, гулгидаг тийрэнгүүдээс нуухгүй л бол энэ мангасын ходоод улам томорсоор удахгүй дэлбэрч сэвсээрээ биднийг дарж алах болно. Арван таван толгойтой атгаалжин хар мангасын толгой улам олширсоор л. Толгой бүр тэрбум, тэрбум, их наяд их наядаар нь залгисаар л. Ард түмэн биднийг араандаа зажилхаар араа шүдээ улам л яралзуулсаар л...
Тиймээс татвар хэмээх дээрмээс зугтцгаа!
Засгийн газар хэзээ ч бүсээ чангалахгүй. Харин тэд бидний бүсийг л чангална. Тэднээс өрсөж тэдний бүсийг чангалах ганц арга бол төрийн тэжээл болох татвараар нь боомилох.
Төр буюу Засгийн газар хэмээх энэ мангасын ходоод татвараар хэзээ ч дүүрэхгүй. Татвар төлөх тусам мангасын ходоод сунана. Төлөхгүй бол агшина...
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.