Нэр бүхий ЕБС-ийн 4 сурагч нэгийгээ бүлэглэн зодож, толгойг нь хагалж дээр нь бие засаж, хүчирхийлсэн байна

Манай дүүгийн хүүхэд сургуулийнхаа үе тэнгийнхний дарамт, хүчирхийлэлд өртөж, сэтгэл зүйн маш хүнд байдалд ороод байна. Наймдугаар ангийн сурагч болох тэр хүүхдийг дөрөв тавуулаа бүлэглэн нэгнийхээ гэрт аваачиж зодсон төдийгүй, хувцсыг нь тайлж нүцгэлэн, бие дээр нь шээх зэргээр хэрцгийгээр доромжилсон байна. Мөн толгойг нь хагалж гэмтээсэн байхад сургуулийн зүгээс "шатан дээрээс унаж бэртсэн" хэмээн асуудлыг нуун дарагдуулахыг оролдож байгаад бид туйлын гомдолтой байна. Сургуулийн удирдлага болон багш нарын хандлага үнэхээр хариуцлагагүй байна. Захирал нь эзгүй, харин нийгмийн ажилтан болон ангийн багш нь "энэ бичлэг намайг анги дааж авахаас өмнө хийгдсэн байна лээ, би мэдэхгүй" гэх мэтээр өөрсдөөсөө хариуцлагыг зайлуулж байна. Тэдэнд хүчирхийллийг баримтжуулсан бичлэг байгаа боловч ар гэрийнхэнд нь үзүүлэхгүй нууж байна. Хүүхэд хамгааллын комисс хуралдана гэж байгаа ч бодит үр дүн гарна гэдэгт итгэх аргагүй байна. Хохирогч хүүхэд өнгөрсөн долоо хоногоос хойш хичээлдээ явж чадахгүй, гэрээсээ гарахаас ч айж, сэтгэл зүйн гүн хямралд орсон. Ийм хүнд нөхцөлд байхад сургуулийн зүгээс "хүүхдээ авчирч уулзуулсангүй" гэх тайлбар тавьж суугаа нь дэндүү арчаагүй хэрэг юм. Сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, багш нар нь амралтын өдрөөрөө амардаг гэх шалтгаанаар хүүхдийн гэрт очиж уулзах, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ямар ч алхам хийсэнгүй. Бид энэ сургуулийн удирдлагуудад итгэх итгэлгүй болсон тул хууль хяналтын байгууллагад албан ёсоор хандаж, асуудлыг шалгуулахаар шийдлээ. Арван хэдхэн настай хүүхдүүд ийм балмад, танхай үйлдэл гаргаж, нэгнийхээ эрүүл мэнд, сэтгэл зүйгээр тоглож байгааг зүгээр орхиж болохгүй. Монголын боловсролын систем, хүүхэд хамгааллын тогтолцоо ийм арчаагүй байдалд орсонд төр засаг онцгой анхаарал хандуулах цаг болжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.