Ж.Алдаржавхлан: Археологич Д.Наваан уг булшийг Жамухын булш байж магадгүй гэх санааг хэлснээс хойш алтан бүсийг Жамухынх гэх яриа гарсан

Ж.Алдаржавхлан: Археологич Д.Наваан уг булшийг Жамухын булш байж магадгүй гэх санааг хэлснээс хойш алтан бүсийг Жамухынх гэх яриа гарсан
Судлаач Билгүүн 25-р суваг телевизийн "Ам нээвэл" ярилцлагад орох үеээрээ 1981 онд Сонгинохайрхан уулан дахь булшны малтлагаас олдсон шарил Гүр хан Жамухийнх бөгөөд түүний шарилыг контейнерт хадгалж байгаа нь харамсалтай хэмэн ярьсан юм. 
Уг асуудлаар Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ж.Алдаржавхлангаас тодрууллаа. 
 
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ж.Алдаржавхлан:
 
-“Монгол-Зөвлөлтийн түүх, соёлын хамтарсан экспедицийн Булган аймагт ажилласан Д.Наваан ахлагчтай баг бүрэлдэхүүн 1981 онд Сонгинохайрхан уулын салбар, Дадарт уулын энгэрт орших жижгэвтэр булшийг малтан судалсан байна. 
 
Булшийг 1.7м орчим малтахад толгой тал руу нь хөмөглөн талийгаачийг байрлуулсан оршуулга илэрсэн. Талийгаачид үйсэн хормсого, сум, төмөр хутга, хос дөрөө тогооны хагархай хэсэг дагалдуулж, алтан бүс зүүлгэн оршуулсан байв.
Археологич Д.Наваан уг булшийг Жамухын булш байж магадгүй гэх санааг хэлснээс хойш алтан бүсийг Жамухынх гэх яриа гарсан.
Шинжлэх ухааны баримт нотолгоогоор бүрэн гүйцэт батлагдаагүй, зөвхөн таамаглал төдий юм. Зарим эрдэмтэд газар орны байдал, булшнаас гарсан эд өлгийн зүйлсийг харьцуулан судлаад Түрэгийн цаг үеийн булш байх боломжтой талаар таамаглал дэвшүүлдэг.
 
Алтан бүс Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа бөгөөд түр гэрээгээр Чингис хаан музейн үзүүллэгт дэглэгдсэн.
 
Оршуулгын бусад олдвор /хүний яс, төмөр эдлэлүүд, судалгааны дээжүүд/-үүд Монгол Улсын Их Сургуулийн археологийн тэнхимд хадгалагдаж байна, гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.