ЦЕГ: Хотын орлогч Т.Даваадалайг 6,6 тэрбум төгрөгийг угаасан хэргээр шалгаж, АТГ луу шилжүүлсэн

Нийслэлийн Засаг даргын орлогч асан Д.Даваадалайтай холбоотой хэргийн талаарх мэдээллийг тодруулъя.

Цагдаагийн байгууллагаас нийслэлд хэрэгжиж буй "Туулын хурдны зам", "1 дүгээр тойрог зам", "2 дугаар тойрог зам" зэрэг томоохон төслүүдийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах явцад их хэмжээний мөнгө ашигласан, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг шалгаж байна. Шалгалтын явцад тухайн албан тушаалтан нь төсөлд шалгарсан аж ахуйн нэгжүүдээс өөрийн гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд болон дүү, үеэлүүдийнхээ үүсгэн байгуулсан компаниудын дансаар 5.6 тэрбум төгрөг авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Мөн гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн найзын үүсгэн байгуулсан хоёр компаниар 709 сая төгрөг, өөрийнх нь 50 хувийг эзэмшдэг компаниар 47.9 сая төгрөг, нийт 6.4 тэрбум орчим төгрөгийг төвлөрүүлсэн байна. Эдгээр хөрөнгийг ажил гүйцэтгэсэн мэтээр хуурамч тайлан гаргаж, мөнгө угаасан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.

Дээрх үйлдэл нь Авлигын эсрэг хуульд заасан албан тушаалтанд хамаарах тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Уг хэргийг харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт (АТГ) шилжүүлэн шалгуулах саналыг цагдаагийн байгууллагаас прокурорт хүргүүлээд байна. Улсын Ерөнхий прокурорын тогтоосон журмын дагуу авлига, албан тушаалын хэргийг АТГ шалгах чиг үүрэгтэй тул прокурорын байгууллагаас харьяаллыг эцэслэн тогтоох байх.

Таслан сэргийлэх арга хэмжээний тухайд, цагдаагийн байгууллагаас холбогдох саналыг гаргасан боловч шүүхээс суллах шийдвэр гаргасан. Одоогоор хэрэгт цугларсан баримт материал болон прокурорын шатанд явагдаж буй нарийвчилсан мэдээллийг өгөх боломжгүй байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.