Х.Ганхуяг: Туулын хурдны зам төслийг шалгах Түр хороог УИХ дээр байгуулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн
Туулын хурдны зам төслийг шалгах Түр хороог УИХ дээр байгуулахаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг бланкан дээрээ гарын үсэг цуглуулж эхэлжээ. Одоогийн байдлаар 40 гаруй гишүүн гарын үсгээ зуржээ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
-Нийслэлийн мега төслүүд, тэр дундаа Туулын хурдны замын төсөлд хяналт шалгалт явуулах Түр хороо байгуулах санал гаргаж, гарын үсэг цуглуулж эхэлсэн. Нийслэлийн томоохон төслүүдэд тавих хяналт суларсан тул ийнхүү УИХ-ын түвшинд авч хэлэлцэх шаардлага үүсээд байгааг гишүүд онцолж байна.
Гэхэдээ Туулын хурдны зам дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа учраас УИХ дээр Түр хороо байгуулан хэргийн материалыг хэлэлцэх нь хууль зүйн хувьд боломжтой эсэхийг мэпэхгүй байна. Тиймээс хууль хяналтын байгууллага болон УИХ-ын Тамгын газраас албан ёсны санал, дүгнэлт авсны дараа Түр хороо байгуулах эсэхийг эцэслэн шийдвэрлэх байх.
Парламентаас нийслэлд төсвийн болон эрх зүйн бие даасан байдлыг нь олгож, асуудлаа өөрсдөө шийдвэрлэх боломж бүрдүүлсэн ч үр дүн нь хүлээлтэд хүрсэнгүй. Улсын төсөвт тавих хяналт харьцангуй өндөр байдаг бол орон нутгийн төсвийн зарцуулалт, хяналтын механизм тодорхойгүй байна.
Монгол Улс нэгдмэл улсын хувьд орон нутгийн төсвийн сахилга батыг чангатгаж, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл шиг хяналтын бүтэцтэй болох, эсвэл Сангийн яам, УИХ-аас төсвийн хүрээг нь баталж өгдөг тогтолцоонд шилжих шаардлагатай.
Нийслэлийн зарим төслүүд улсын төсвийн хөрөнгө оруулалтаас ч давсан өртөгтэй байна. Тухайлбал, 2.1 их наяд төгрөгийн төсөвтэй Туулын хурдны замын төсөл дэлхийн зах зээл дээрх инфляц, импортын бараа материалын үнийн өсөлтөөс шалтгаалан 3-4 их наяд төгрөг болж нэмэгдэх эрсдэлтэй. Хэрэв нийслэл энэ ачааллыг даахгүй бол алдагдал нь шууд улсын төсөвт ирж, шинэ хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг "залгих" аюултай.
Одоогоор эдгээр мега төслүүдийн санхүүжилт, үр ашгийн талаарх мэдээлэл хангалтгүй, гишүүд ч олон нийтийн адил мэдээлэл дутмаг байна. Зарим төсөлд Засгийн газрын баталгаа гаргасан нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа тул Төсвийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиудад өөрчлөлт оруулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар энэхүү эрсдэлээс сэргийлэх шаардлагатай байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.