Б.Эрдэнэбат: Хүний эрхийн хамгаалагчдыг төр огт хамгаалахгүй байгаас хүний эрх хамгаалагчид мохож эхэлж байна!

Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан "Энхтайван ирээдүйг бүтээх нь: Хүний эрх, хөгжил, аюулгүй байдлын төлөөх Хэвлэлийн эрх чөлөө" сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

Энэ үеэр ХЭҮК-ийн Хүний эрхийн хамгаалагчийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбат "Хүний эрх хамгаалагчид тэр дундаа сэтгүүлчдийн эрхийг хамгаалах мехнанизм ажиллахгүй байгаа" асуудлыг хөндлөө. 

ХЭҮК-ийн Хүний эрхийн хамгаалагчийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбат:

-Хэдийгээр хүний эрх хамгаалагчийг хамгаалах эрх зүйн орчин бүрдэж, хууль тогтоомжууд цаасан дээр сайн боловсруулагдсан боловч бодит байдал дээр хэрэгжилт туйлын хангалтгүй байна.

Хүний эрх хамгаалагчдад тулгарч буй бодит эрсдэлүүд байсаар байгаа бөгөөд тэднийг хамгаалах үйл ажиллагааны механизм, процесс оновчтой ажиллахгүй байгааг онцлох хэрэгтэй. Хүний эрх хамгаалагчдын хувьд хамгийн чухал асуудал бол аюулгүй байдлын эрсдэл юм.

Туул голыг хамгаалах хөдөлгөөнийхөн болон сэтгүүлчдэд тулгарч буй кейсүүдээс харахад цагдаагийн байгууллагаас яаралтай хамгаалалт авах шаардлага өндөр байдаг. Уг нь төр нийтлэг үүргийнхээ хүрээнд хүний эрх хамгаалагчийг аливаа аюул заналаас хамгаалах үндсэн үүрэгтэй.

Гэвч өнөөдрийн тогтсон жишгээр Хүний эрхийн Үндэсний Комиссоор дамжуулан үнэлгээ гарсны дараа л цагдаагийн байгууллага, төрийн механизм хөдөлдөг нь цаг хугацаа алдсан, үр дүнгүй тогтолцоо болохыг бодлогын хэрэгжилтийн судалгаа харуулж байна. 

Хамгаалалтын механизм ийнхүү сул байгаа нь хүний эрхийн төлөө тэмцэгчдийн хүсэл зоригийг мохоож, үйл ажиллагаа явуулах боломжийг нь хязгаарлаж байна. Үүний улмаас нийгмийн болохгүй бүтэхгүй асуудлыг шүүмжлэн илэрхийлэхээс сайн дураараа татгалзах, идэвхгүй болох аюултай үзэгдэл ажиглагдаж эхэллээ.

Энэ нь эргээд иргэний нийгмийн оролцоог хумих, хүний эрхийн зөрчлийг даамжруулах эрсдэлийг дагуулж байна. Түүнчлэн төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо, институцийн дэмжлэг маш сул байна.

Судалгаанаас үзэхэд хүний эрх хамгаалагчдын үйл ажиллагааг дэмжих санхүүгийн нөөц, эх үүсвэр бараг байхгүйтэй адил байна. Хувь хүн болон бүлгүүд хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулахад шаардлагатай санхүүжилтийг хэрхэн бүрдүүлэх, ямар дэмжлэг авах нь тодорхойгүй, эрх зүйн зохицуулалтгүй байгаа нь тэднийг эдийн засгийн хувьд хараат бус, тогтвортой ажиллах боломжгүй болгож байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.