М.Энхбадрал: Хэвлэл мэдээллийн салбарынхан зөв асуудал дээрээ нэгдэж ажиллаж чадахгүй байна

Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан "Энхтайван ирээдүйг бүтээх нь: Хүний эрх, хөгжил, аюулгүй байдлын төлөөх Хэвлэлийн эрх чөлөө" сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

Энэ үеэр "Олон нийтийн мэдэх эрх, нийтийн албан тушаалтны мэдээлэх үүрэг" салбар хэлэлцүүлэгт Цогт хөгжлийн үндэсний төв ТББ-ын тэргүүн М.Энхбадралын хөндсөн байр суурийг хүргэж байна. 

Цогт хөгжлийн үндэсний төв ТББ-ын тэргүүн М.Энхбадрал:

-Бид 2021 оноос эхлэн УИХ-ын гишүүдийн ирц, санаачилсан хууль, санал хураалтын дүн зэрэг мэдээллийг иргэдэд нээлттэй болгох зорилгоор цахим талбар ажиллуулж эхэлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл мэдээллийн ил тод байдал хангалтгүй, бүрэн гүйцэд мэдээлэл авах боломж хязгаарлагдмал хэвээр байна. Улс төрчдийн ухамсарт найдаж, тэднийг өөрсдөө мэдээллээ ил болгоно гэж хүлээх нь бодит байдалд нийцэхгүй юм.

Хэвлэл мэдээллийн салбарынхан зөв асуудлын төлөө нэгдэж, хамтарч ажиллаж чадахгүй байгаа нь ажиглагддаг. Мэдээлэл өгөхгүй байгаа тохиолдолд сэтгүүлчид тус тусдаа гомдоллоод өнгөрөх бус, нэгдсэн зохион байгуулалттайгаар шахалт үзүүлж, мэдээллээ авдаг жишиг тогтоох хэрэгтэй. Хэвлэлийнхэн энэ хүчээ зөв ашиглаж чадвал төрийн байгууллагуудыг хариуцлагажуулах бүрэн боломжтой.

Улс төрчид хэвлэл мэдээллийнхнийг үл тоомсорлож байгаа нь тэдний санхүүгийн хамааралтай шууд холбоотой. Жишээлбэл, нийслэлийн удирдлагуудын үйл ажиллагааг шүүмжлэхгүй байгаа нь тэднээс санхүүжилт авдагтай холбоотой байх талтай. Энэхүү хамаарлыг нууж, шийдэл ярих нь хуурамч сонсогдоно. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүд төрөөс хараат бус, эрүүл тогтолцоо руу шилжих нь нэн чухал юм.

Бид мэдээлэл олж авахын тулд дөрвөн удаа хүсэлт гаргаж, хоёр удаа гомдол гаргаж, Захиргааны хэргийн шүүх болон Хүний эрхийн үндэсний комисст хандан гурван жилийн турш тэмцсэн. Эцэст нь УИХ-ын дарга руу чиглэсэн улс төрийн акц хийсний үр дүнд гишүүдийн өгсөн саналыг ил болгож чадсан.

Хэрэв хэвлэлийнхэн нийлээд хууль ёсны шаардлага тавьж, мэдээлэл өгөхгүй байгаа албан тушаалтнуудад шахалт үзүүлдэг болбол энэ нь ухамсарт найдах бус, зайлшгүй мөрдөх стандарт болон тогтоно.

Урт хугацаандаа бид төрөөс санхүүжих хамаарлаа бууруулж, иргэдийн мэдэх эрхийг хангах эрүүл тогтолцоог бүрдүүлэх ёстой.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.