Зарим сургуулийн 12-р ангийн төгсөгчдөөс 800-1,5 сая төгрөг хурааж, эцэг эхчүүдэд дарамт учруулж байна
Сүүлийн үед ерөнхий боловсролын сургууль төгсөж буй сурагчдын дунд "хонхны баяр" нэрийн доор их хэмжээний мөнгө хураах асуудал эцэг эхчүүдэд томоохон дарамт болж байна.
Нэг хүүхдээс 800 мянгаас 1.5 сая төгрөг хурааж байгаа нь өнөөгийн нийгмийн амьдралд, тэр дундаа лизинг болон бусад зээлтэй өрхүүдэд хүнд тусаж байгаа юм. Хүн бүрийн амьдралын боломж өөр байтал бүгд л баян чинээлэг мэт аашилж, ийм өндөр дүн гаргаж ирж байгаа нь зохисгүй хандлага болоод байна.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан өмнө нь өгсөн ярилцлагадаа хонхны баярыг "эрдмийн баяр" болгон даруухан тэмдэглэж, эцэг эхчүүдэд санхүүгийн дарамт үүсгэхгүй байх ёстойг онцолж байсан. Мөн мөнгө төгрөг хураахыг албан ёсоор хориглоно гэж мэдэгдсэн ч амьдрал дээр энэ шийдвэр төдийлөн хэрэгжихгүй байна.
Улсын болон хувийн сургуулиуд тодорхой хэмжээний мөнгө хураасаар байгаа бөгөөд хамгийн багадаа 200 мянга, зарим тохиолдолд сая гаруй төгрөгийн хураамж авч байгаа тухай гомдол тасрахгүй байна.
Төгсөлтийн баярын зардал зөвхөн хураамжаар хязгаарлагддаггүй. Үүн дээр нэмэгдээд хүүхдийн өмсөх хувцас, гоёл чимэглэл, дурсгалын зураг буюу монтаж зэрэгт багагүй мөнгө зарцуулагддаг. Ингээд тооцохоор нэг айлаас дор хаяж нэгээс хоёр сая төгрөг гарах жишээтэй. Энэ нь дундаж орлоготой өрхийн хувьд эдийн засгийн маш том цохилт болж байгааг эцэг эхчүүд хэлж байна.
Яамнаас хориглосон шийдвэр гаргасаар байтал эцэг эхийн зөвлөлүүд дотоодоосоо санаачилга гарган, багш болон сургуульд бэлэг өгөх, амралтын газарт найрлах зэрэг зардлуудыг төлөвлөдөг байна.
Хүүхдээ бусдаас дутаахгүй гэсэн монголчуудын сэтгэлгээг ашиглан, цөөн хэдэн эцэг эхчүүд ийм шийдвэр гаргахад бусад нь хүүхдээ хэлмэгдүүлэхгүйн тулд арга буюу дагаж чирэгддэг тогтолцоо бүрджээ.
Төгсөлтийн баяраа багштайгаа хамт амралтын газарт очиж шоудах хэлбэрээр тэмдэглэж байгаа нь боловсролын салбарын ёс зүйд ч нийцэхгүй асуудал юм.
Бусад улс орнуудын туршлагаас харахад, тухайлбал БНСУ-д төгсөлтийн баярыг сургуулийнхаа орчинд маш даруухан, утга төгөлдөр зохион байгуулдаг. Сурагчид багш нартаа талархлаа илэрхийлж, дурсамжтай зураг авахуулах зэргээр энгийн хэлбэрээр тэмдэглэдэг байна.
Манай улсад ч гэсэн энэ жишгийг нэвтрүүлж, эцэг эхийн зөвлөлүүд хэт өндөр зардал гаргахаа зогсоох шаардлагатай байна. Энэхүү асуудлыг зөвхөн хориг тавиад орхих бус, бодлогын түвшинд анхаарч, хяналтын тогтолцоог сайжруулах хэрэгтэйг эцэг эхчүүд сануулж байна.
Хонхны баяр нь хэн нэгэнд санхүүгийн дарамт болох биш, харин эрдэм номын баяр, нандин дурсгал болон үлдэх ёстой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.