Ж.Цэсэн: Төрийн байгууллагууд дэргэдээ том бүтэцтэй болж, өөрсдийн хэлэхийг хүссэн, гөлийсөн текстийг хэвлэлд тараадаг болсон!
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиох гэж буйтай холбогдуулан салбарын мэргэжилтнүүд өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг хөндөж байна. Ялангуяа төрийн өндөр албан тушаалтнуудын хэвлэл мэдээлэлд хандах хандлага болон хууль эрх зүйн орчны гажуудал шүүмжлэл дагуулсаар байна. Төрийн ордонд ажиллаж буй сэтгүүлч, зураглаачид эрх мэдэлтнүүдийн зүгээс ирэх үл тоомсорлосон хандлагыг өдөр бүр мэдэрч байгааг салбарынхан онцоллоо.
МҮОНРТ-ийн ТУЗ-ийн гишүүн Ж.Цэсэн:
- Албан тушаалтнууд сэтгүүлчидтэй нүүр тулан ярилцахаас зайлсхийж, "ярих зүйл байвал өрөө хооронд явах зуураа хэлье, араас дагаад дүрсээ ав" гэх мэтээр харилцааны соёлгүй байдал гаргах нь хэвийн үзэгдэл болсон. Энэхүү биеийн хэлэмж, хандлага нь олон нийтийн мэдэх эрхийг хангаж буй хэвлэл мэдээллийн ажилтнуудыг үл хүндэтгэж буйн илрэл юм.
1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд "Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байж болохгүй" гэж заасан байдаг. Гэвч өнөөдөр технологийн дэвшлийг ашиглан яам, агентлаг, засаг даргын тамгын газар гээд төрийн бүх шатны байгууллагууд сошиал платформ дээр албан ёсны хуудас нээж, дэргэдээ хэвлэлийн том бүтэцтэй болж татвар төлөгчдийн мөнгөөр хамгийн сүүлийн үеийн техник хэрэгсэл худалдан авч, хэвлэл мэдээллийн салбарын чадварлаг боловсон хүчнийг өндөр цалингаар татан ажиллуулж байна.
Ингэхдээ зөвхөн өөрсдөдөө ашигтай, "мөлгөр" агуулга бүхий бэлэн дүрс, бичвэрийг хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан сэтгүүлчдэд түгээдэг блосон. Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг олон эх сурвалжаас мэдээлэл авах боломжийг хязгаарлаж, тэднийг зөвхөн бэлэн мэдээлэл дамжуулагч төдий байдалд аваачиж байна.
Иймд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн найруулж, төрийн байгууллагуудын энэхүү далд хэлбэрийн "хэвлэл мэдээллийн монополь"-ыг цэгцлэх шаардлагатай байна. Мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангаж, сэтгүүлчдийн хараат бусаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь ардчилсан нийгмийн амин чухал асуудал болж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.