Дэлгүүрийн худалдагч: Өрийн дэвтэр бол замбараагаа алдсан. Бэлэн гоймон, газтай ундаагаар л гол зогоож байна даа, хүүхдүүд...
Гэр хорооллын амьдрал, дэлгүүрийн орлого хэрхэн буурч байгаа талаар сурвалжиллаа
Ойрын жилүүдэд иргэдийн худалдан авах чадвар эрс муудаж, жижиг дэлгүүрүүдийн борлуулалт илт буурлаа. Дэлгүүрийн өрийн дэвтэр дүүрч, хүмүүс ихэвчлэн цалин, тэтгэврээ буухаар төлөх нөхцөлтэйгөөр зээл авч байна. Гэвч зээлээ төлөлгүй нүүх, сураггүй болох тохиолдол ихэссэн тул зөвхөн таньдаг айлууддаа бага хэмжээний зээл өгөхөөс өөр аргагүй болжээ.
Юмны үнэ долоо хоног бүр шахуу 200-300 төгрөгөөр нэмэгдэж байгаа нь иргэдийн амьдралд хүндээр тусаж байна. Өмнө нь боломжийн үнээр авдаг байсан хүнс одоо хэд дахин өсөж, ганц тор бараа авахад л 100 мянган төгрөг хол давдаг боллоо. Үүнээс үүдэн хүмүүс үнэтэй бүтээгдэхүүн, амттан авахаа больж, зөвхөн талх, гурил, будаа, бэлэн гоймон зэрэг амин зуулгын хүнсээр өдөр хоногийг өнгөрөөж байна.
Махны үнэ өндөр байгаа тул иргэд килограммаар нь авч чадахгүй, маш бага хэмжээгээр савласан махыг хааяа нэг авах болжээ. Тэр байтугай архи, согтууруулах ундааны борлуулалт ч эрс буурсан байна. Бараа эргэлт удааширснаас лангуун дээрх талх, боорцог зарагдаж амжилгүй хугацаа нь дуусах, хөгцрөх асуудал түгээмэл боллоо. Жижиг дэлгүүрүүд ашиггүй болж, олноороо хаалгаа барьж байна.
Том сүлжээ дэлгүүрүүд нээгдэхэд ойр орчмын жижиг цэгүүд дампуурдаг бөгөөд татвар, түрээсийн дарамт үүнд ихээхэн нөлөөлдөг. Шатахуун болон бараа бүтээгдэхүүний үнэ тасралтгүй өсөж байгаа ч иргэдийн цалин, орлого нэмэгдэхгүй байгаа нь амьдралыг улам бүр туйлдуулж, өргүй айл үгүй болжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.