УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Нийслэлийн төсвөөр хяналтын сонсгол хийх албан бичгийг УИХ-ын даргад өргөн барилаа.

Нийслэл Улаанбаатар хотын төсөв болон томоохон төслүүдийн хэрэгжилтэд хууль тогтоомж хэрхэн мөрдөгдөж буй талаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хүсэлтийг УИХ-ын даргад өргөн барихад бэлэн боллоо. Уг хүсэлтэд УИХ-ын 20 гаруй гишүүн гарын үсэг зурж нэгдсэн байна. УИХ-ын гишүүний үндсэн чиг үүрэг бол хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, тэр дундаа төсвийн зарцуулалтад хяналт тавих явдал юм.

Нийслэл хотын төсөв эрчимтэй тэлж, улсын нийт төсвийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээнд хүрээд байна. Энэхүү асар их мөнгөн дүнгийн зарцуулалт үр ашиггүй болж, төслүүд амжилтгүй болсон тохиолдолд зээлийн эргэн төлөлт болон батлан даалтын асуудал улсын төсөвт хүнд дарамт учруулж, эдийн засгийн хямралд хүргэх эрсдэлтэй. Иймд энэхүү эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналт тогтоох зайлшгүй шаардлага тулгарч байна.

Иргэд ч мөн энэ асуудалд ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд "D-Parliament" платформоор дамжуулан 13,895 иргэн нийслэлийн төсвийн зарцуулалтад хяналт шалгалт хийхийг дэмжиж гарын үсэг зурсан байна. 2024-2026 оны хооронд нийслэлийн төсөв жил бүр 30 гаруй хувиар өсөж, 2026 оны төсвийн тодотголоор нийт зардал нь 6.5 их наяд төгрөгт хүрэхээр төлөвлөгджээ.

Томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын дүнг нэгтгэн үзвэл энэ нь улсын төсвийн үлэмж хэсгийг эзэлж байгаа юм. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлж дүгнэх, хариуцсан байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг шалгах бүрэн эрхийнхээ хүрээнд энэхүү ерөнхий хяналтын сонсголыг яаралтай зохион байгуулах шаардлагатай байна.

Сонсголоор дамжуулан маргаантай асуудлуудыг ил болгож, нийслэлийн төсвийн зарцуулалт болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар төсөв хэлэлцсэн байдалд бодит дүгнэлт өгөх боломж бүрдэнэ. Хуулийн дагуу 15-аас дээш гишүүн гарын үсэг зурсан тохиолдолд УИХ-ын Тамгын газар ерөнхий хяналтын сонсголыг заавал зохион байгуулах үүрэгтэй бөгөөд энэ нь чуулганаар хэлэлцэж санал хураах шаардлагагүй, шууд хэрэгжих зохицуулалт юм. Бид төсвийн зарцуулалт, томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг олон нийтийн өмнө нээлттэй хэлэлцэж, телевизээр шууд дамжуулан хүргэх зорилгоор энэхүү сонсголыг санаачилж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.