С.Баярцогт: АН-ын дийлэнх фракцууд намайг дэмжиж байгаа учраас би ГЕНСЕК-ээр жинхэлнэ гэдэгтээ итгэлтэй байна
Намайг Монголын ард түмэн баялагтаа эзэн болж чадахгүй байхад гол үүрэг гүйцэтгэсэн хэмээн Х.Баттулга гишүүн шүүмжилж буй нь туйлын харамсалтай бөгөөд эмгэнэлтэй асуудал юм. Оюутолгойн гэрээг байгуулах үед тэрбээр манай Засгийн газарт Зам тээврийн сайдаар ажиллаж байсан төдийгүй уг гэрээг байгуулахын тулд холбогдох хуульд өөрчлөлт оруулах төслийг өөрөө санаачлан, ээлжит бус чуулганаар хэлэлцүүлж, тогтоолыг нь батлуулж байсан хүн.
Өөрийнхөө хийсэн ажлыг мартаж, олон жилийн дараа ийнхүү бодит бус зүйл ярих нь улс төрчийн ёс зүйд нийцэхгүй, зохисгүй үйлдэл юм. Сонгуулийн үр дүнгийн тухайд, би нийт найман удаагийн сонгуульд оролцож, тавд нь ялалт байгуулсан туршлагатай. Намайг намаа удирдвал ялагдуулна гэж ярьж байгаа нь ердөө зарим хүмүүсийн хувийн хүсэл, фантаз төдий зүйл юм.
Миний улс төрийн замнал болон амьдралын туршлага үүнийг хангалттай батална гэж үзэж байна. Ардчилсан нам бол гишүүд нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг ардчилсан зарчимтай байгууллага гэдгийг та бүхэн харж байгаа байх. Намын 230 мянган гишүүнийг төлөөлж 10 хүрэхгүй хүн эсэргүүцлээ илэрхийлж байгааг нийт гишүүдийн байр суурь гэж харах боломжгүй. Намын бодлогын дээд байгууллага болох 378 гишүүнтэй Үндэсний бодлогын хороо асуудлыг олонхын саналаар, дүрмийн дагуу шийдвэрлээд явах зохицуулалттай.
Намын дотоод фракцуудын тухайд, одоогоор үйл ажиллагаа явуулж буй дөрвөн том, хоёр жижиг фракцын дөрвөн том нь намайг дэмжиж байгаа. Хэрэв миний нэр дэвшилт албан ёсоор батламжлагдвал цаашид хэрэгжүүлэх стратеги, мөрийн хөтөлбөр болон намын шинэчлэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд нээлттэй өгөх болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.