Хөгжлийн банк одоогоор 800 орчим тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөрүүд дээр ажиллаж байна
Эдийн засаг, хөгжлийн яамнаас "Монгол Улсын хөгжлийн санхүүжилтийн шийдэл" сэдэвт долоо хоногийн арга хэмжээг зохион байгуулж байна.
Энэхүү үйл ажиллагаанд Хөгжлийн банк идэвхтэй оролцож байгаа бөгөөд одоогоор тус банк 800 орчим тэрбум төгрөгийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаагаа онцоллоо. Цаашид эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах төслүүдийг санхүүжүүлэхэд дан ганц улсын төсөв, төрийн байгууллагын оролцооноос илүүтэй хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах нь нэн чухал болоод байна.
Хөгжлийн банкны зүгээс хууль эрх зүйн шинэчлэл хийж, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлсний дараа олон улсын зах зээлээс эх үүсвэр татан төвлөрүүлж, томоохон төслүүд рүү чиглүүлэхээр зорьж байна. Өнөөдрийн байдлаар 1.8 их наяд орчим төгрөгийн төсөл, хөтөлбөрийг судалж байгаа бөгөөд үүний нэг нь Олон улсын санхүүгийн корпорацитай (ОУСК) хамтран санхүүжүүлэх Багахангай-Хөшигийн хөндийн төмөр замын төсөл юм. Банкны санхүүжилтийн бодлогод гарч буй гол өөрчлөлт нь дангаараа бус, олон улсын болон дотоодын санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах зарчимд шилжиж буй явдал юм.
УИХ-аас баталсан "Монгол Улсын эдийн засгийг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-д зургаан салбарын олон төслийг санхүүжүүлэхээр тусгасан. Үүнээс ТЭЗҮ нь бэлэн болсон, хэрэгжихэд бэлэн 80 орчим төсөлд нийт 60 гаруй их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа бөгөөд Хөгжлийн банк эдгээр төслүүдийг санхүүжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Нийслэлийн зүгээс нийт 16 мега төсөл хэрэгжүүлж байгаагаас ДЦС-5 төсөл өнөөдөр нээлтээ хийлээ. Эдгээр төслүүд нь нийслэлийн төсөв, олон улсын зээл, төр-хувийн хэвшлийн түншлэл (ТХХТ) зэрэг олон төрлийн эх үүсвэртэй. ДЦС-5 төсөл нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль батлагдсанаас хойш хэрэгжиж буй анхны томоохон төслүүдийн нэг бөгөөд санхүүжилтийн 20 хувийг нийслэлээс, 80 хувийг хувийн хэвшлийн түншлэгч гаргаж байгаа амжилттай туршлага болж байна.
Нийслэлийн орон сууцны корпораци Хөгжлийн банктай хамтран "Орлогод нийцсэн ногоон орон сууц" төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь байгаль орчинд ээлтэй, дулааны алдагдал багатай, эрчим хүчний хэмнэлттэй, саарал ус ашиглах технологи бүхий ногоон стандартыг Монголд нутагшуулах зорилготой. Одоогоор Баянхошуу болон Сэлбэ дэд төвүүдэд төсөл хэрэгжиж байгаа бөгөөд энэ онд 800 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Цаашид энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 4200 айлын ногоон орон сууцны төслийг өргөжүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.